Астмын эсрэг дэлхийн өдөр

“Астмын шалтгаантай нас баралтыг зогсооё”

   Астмын эсрэг дэлхийн өдрийг 1998 оноос жил бүр 5-р сарын эхний долоо хоногийн Мягмар гаригт тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ өдрөөр астмын талаар тулгамдаж байгаа асуудал болон астмын эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг хөндөж дэлхий нийтээрээ нэг эв санаатай байгааг илэрхийлдэг өдөр юм.  

   Монгол улс 2010 онд Астмын Дэлхийн Нийтийн Санаачлаг (GINA)-д элсэн орсон ба үүнээс хойш жил бүр Астмын эсрэг өдрийг зохион байгуулж ирсэн билээ. 2020 онд “Астмын шалтгаантай нас баралтыг зогсооё” гэсэн уриан доор дэлхий нийтээрээ нэгдэж тэмдэглэж байна.

   Энэ өдрийн хүрээнд 2020 оны 5 сарын 5-нд Уушги харшил судлалын тэнхимийн хамт олноос МЯСЭ-н ҮДА, Эм зүйн алба, Монгол Эм Импекс Компанитай хамтран үйлчлүүлэгчид зориулсан өдөрлөгийг МЯСЭ дээр зохион байгуулж, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөн, брошур, үйлчлүүлэгчид зориулсан 2020 оны дэлхий нийтийн санаачлагаас гаргасан сургалтын номыг орчуулан, үйлчлүүлэгчид тарааж, арга зүйн зөвлөгөө өгөн, тэдний санал бодлыг сонсон ганцаарчилсан зөвлөгөө, ярилцлага хийв. Мөн үйлчлүүлэгчид зориулсан сургалтын өрөөг нээх, энэ талаар ҮДА-тай ярилцан, цаашид астматай үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг ҮДА, Эм зүйн албатай хамтран зохион байгуулах, астматай үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хийх сургалтын төлөвлөгөөг боловсруулан МЯСЭ даргаар батлуулан ажиллахаар төлөвлөв. Мөн нэг сувилагчийг ажлын байрны сургалтанд хамруулан, багш нар ҮДА-тай хамтран ажиллаж кабинетийн журмаар ҮДА-нд астматай үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэв. 

   АШУҮИС-ийн  Уушги харшил судлалын тэнхим, сургуулийн түшиц эмнэлэг УГТЭ-ийн Уушги судлалын тасаг хамтран амьсгалын эрхтний эмгэгтэй үйлчлүүлэгчид НЭМ боловсрол олгох сургалтын  үйл ажиллагааг УГТЭ-н Уушги судлалын тасгийн дэргэд  явуулж байгаа бөгөөд энэ үйл ажиллагааг өргөтгөн МЯСЭ ажиллах бэлтгэлийг хангаж байна. Гуурсан хоолойн багтраа өвчнөөр дэлхий дээр 300 сая хүн өвчилсөн байна. Хүн амын дунд харшил ихсэж, хотжилт, агаарын бохирдол, химийн үйлдвэрийн хөгжил ихсэх, антибиотик, уургийн бэлдмэл зэргийг өргөн хэрэглэх болсонтой холбоотой багтрааны тохиолдол жил ирэх тусам ихсэх хандлагатай байна. 2030 он гэхэд багтраа өвчний нийт тохиолдол 400 сая болох хандлагатай байна. Багтраа нь үр дүнтэй эмчлэгдэх боломжтой ба ихэнх үйлчлүүлэгч өвчнөө сайн хянаж чадна. Багтраа бүрэн хянагдах боломжтой өвчин юм. Энэ талд эмч үйлчлүүлэгчид туслах бөгөөд сургалтын үйл ажиллагаа үүнд чиглэнэ.  Үйлчлүүлэгч сургалтанд сууснаар өвчний сэдрэлийн тоо цөөрнө, эмнэлэгт хэвтэх тоо цөөрнө, шөнийн шинж тэмдэг арилна, ачаалал даах чадвар сайжирна, амьдралын чанар сайжирна. 

   Сургалтаар үйлчлүүлэчид тухайн өвчний талаар, амьсгалын эрхтэн тогтолцооны талаар, мэдлэг олгоно, өөрийгөө хянахад сургана, пикфлоуметр түүний үнэлгээг заана, өвчний эрт үеийн шинж тэмдгийг мэдэх, өдөр тутмын үйл ажиллагаа амьдралын чанарыг сайжруулах, өвчний шалтгаан шинж тэмдэг, сэдрэлийн үед үзүүлэх тусламж, сэдрэлээс урьдчилан сэргийлэх, сэдрээгч хүчин зүйлийн талаар, хооллолтын талаар, гэрийн дизайн, өвчний хүндрэлийн талаар, өөрийгөө үнэлэх, хянах, цацлага аэрозоль эм хэрэглэх арга зүйн талаар мэдлэг олгож байна. Сургалтанд зориулж аудио, видио хичээл, сургалтын ppt үзүүлэнгүүдийг бэлдэн сургалтыг явуулж байна. Астма нь уушгины агаар дамжуулах замын эмгэг бөгөөд харшлын болон харшлын бус шалтгаантай байдаг. Астмаар аль ч насанд өвдөж болно. Гэсэн хэдий ч та астмыг бүрэн хянаж чадна. Астматай үйлчлүүлэгчийг сайн хянаснаар ажил, сургууль, цэцэрлэгтээ чөлөөтэй явна. Шөнө сайн унтаж амарснаар таны ажлын бүтээмж сайжирна. Түүнчлэн хүнд бачуурлаас сэргийлж чадна. Тиймээс астма таны амьдралын хэв маягт нөлөөлөх учиргүй.

   Сургалтанд  гуурсан хоолойн  багтраа өвчнөөр эмчлүүлж байгаа  тасгийн болон амбулаторийн  үйлчлүүлэгчид  хамрагдана. Сургалтын үр дүнг  жилийн эцэст гарган эмнэлгийн даргад тайланг гаргана.   

   Сургалтыг ганцаарчилсан, жижиг бүлгийн  сургалтаар явуулна. 3-р эмнэлэг дээр байрлах өвчтөний сургалтын өрөөг засаж тохижуулан, сургалтын хөөсөн самбар, сургалтанд шаардагдах техник хэрэгсэл, 50 инчийн зурагт зэрэг хэрэглэгдэхүүнээр ханган сургалтыг явуулж байна. Сургалтын өрөөг тохижуулахад   гүн туслалцаа үзүүлсэн  АШУҮИС захиргаа болон УГТЭ захиргаанд гүн талархал илэрхийлье. 

   Коронавирусын цар тахлын энэ хүнд өдрүүдэд та гараа сайтар угааж, амны хаалттай зөв хэрэглэж, аль болох олон нийтийн газар явахгүй байж хайртай гэр бүл, хамт олон болон өөрийгөө  хамгаалаарай.

Та бүхэн гуурсан хоолойн багтраа өвчтэй үйлчлүүлэгчдээ сургалтанд  үнэ төлбөргүй хамруулах боломжтой. 

Уушги харшил судлалын тэнхим