Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть номын нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө

Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилгаар, ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн дэмжлэгээр АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн эрдэмтэн багш нар судлаачид Монголын уламжлалт анагаах ухааны 108 ботийг хэвлэн нийтлүүлж, өнөөдөр буюу 2020 оны 05 сарын 25-ны билэгт сайн өдөр номын нээлтээ хийлээ. Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть номын нээлтийн үйл ажиллагааг АШУҮИС-ийн 62 дахь удаагийн Эрдмийн чуулганы үеэр зохион байгуулсан бөгөөд нээлтэд МУ-ын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Ц.Хулан, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга, МУ-ын ардын эмч, АУ-ны доктор, профессор Ж.Хатанбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БСШУСЯ-ны ДБГ-ын дарга Г.Батнэмэх нар тус тус оролцлоо.

   Монголчуудын олон зуун жилийн туршид бүтээсэн түүх, өв соёлын үнэт зүйлсийн томоохон төлөөллийн нэг нь  хүний өвчин зовлонг анагаан эдгээдэг, эрүүл амьдрах зан үйл, ёс заншил, өвчнөөс сэргийлэх арга замыг  алтан үсгээр бичиж уламжлуулсан тэжээхүй ухаан, анагаах ухааны ном судар юм.

   Тиймээс Монголчуудын оршин тогтнохуйн эх үндэс, өвчингүй эрүүл амьдрах хэв маягаас үүдэж хөгжсөн хосгүй үнэт шинжлэх ухаан төдийгүй улс үндэстний тусгаар тогтнол удам судрын хэлхээг дархлаажуулан баталгаажуулдаг нандин өв уламжлалыг ийнхүү сийрүүлэн уншигч олонд хүргэж байна. Мөн энэхүү үйл ажиллагааг төр засгаас дэмжиж буй нь анагаах ухаанаа төрийн бодлогоор дэмжиж дэлхийн брэнд болгон хөгжүүлэх их үйлсийг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

Сүүлийн бичлэг