АШУҮИС-д 1133 нэр төрлийн нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн хангамж, хэрэгслийг хандивлалаа

Өнөөдөр буюу 2020 оны 06 сарын 08-ны өдөр Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгч Г.Түвшинжаргал, Д.Одмаа, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төлөөлөгч Э.Энхтайван, Э.Тэргэл нар АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон АУС-ын мэс заслын тэнхимийн профессор О.Сэргэлэн нараар төлөөлүүлэн АШУҮИС-д 1133 нэр төрлийн нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн хангамж, хэрэгслийг  хандивлалаа. АШУҮИС нь Дэзэрэт олон улсын Энэрэлийн байгууллага болон Улаан загалмайн Нийгэмлэгтэй хамтран “Эмнэлгийн хангамж хэрэгсэл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд ийнхүү буцалтгүй тусламжийг хүлээн авч байгаа юм.

    Хандиваар ирсэн эмнэлгийн тоног төхөөрөмж хэрэгслийг АШУҮИС-ийн мэс заслын тэнхимийн туршилт, судалгаа, сургалтын мэс засал мөн оюутан болон резидент /дадлагажигч эмч нарын эмнэл зүйн ур чадварыг сайжруулахад ашиглана. Мөн  Монгол Улсын алслагдсан бүс нутгуудад амьдарч буй яаралтай мэс заслын өвчтэй хүмүүст буцалтгүй тусламж үзүүлэх, хөдөө орон нутгийн эмч сувилагчид, олон улсын хүмүүнлэг, найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд зориулагдах юм.  

    Дэлхий даяар коронавирусын халдвар цар тахал хэлбэрээр түгэн тархаж байгаа энэхүү онц байдлын үед Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага  болон Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, АШУҮИС нарын тууштай хамтын ажиллагааны бодит үр дүн болж төсөл хэрэгжиж байгаад АШУҮИС-ийн эрдэмтэд, судлаач нар туйлын их баяртай байна.