Эм зүйн сургуулийн эм шинжилгээний лаборатори итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа

Эм зүйн сургуулийн Эм шинжилгээний лаборатори MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангаж магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээгээ хүлээн авлаа. Эм зүйн сургуулийн Эмийн хими, ургамал судлалын тэнхимийн дэргэдэх Эмийн химийн лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэн эм зүйн сургалт, судалгаа, эм шинжилгээний чиглэлээр ажиллах зориулалттай Эм шинжилгээний лабораторийг ЭМШУИС-ийн захирлын 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/21 тоот тушаалаар байгуулсан юм. Тус лаборатори 18 жил үйл ажиллагаа явуулах хугацаандаа Монгол улсын итгэмжлэх тогтолцооны дагуу хими, хими-физик, физикийн аргаар сорилт туршилт явуулахаар 2004 онд анх магадлан итгэмжлэгдсэнээс хойш  2007, 2010, 2015, 2020 онд  тус тус дахин магадлан итгэмжлэгдсэн байна. 

       Эм шинжилгээний лаборатори байгуулагдсанаасаа хойш эмийн зах зээл дэх эх орны болон импортын, мөн бүртгэлийн зарим эмийн түүхий эд, эм бэлдмэлд хими, хими-физик, физикийн аргаар шинжилгээ хийж ирсэн бол 2015 оноос эхлэн эм, эмийн түүхий эд, эмийн бэлдмэлд микробиологийн шинжилгээ хийж эхлэн, эмийн ургамал, эмийн түүхий эд, бүтээгдэхүүний бүрэн шинжилгээг хийх болсон. Эм шинжилгээний лабораторийг 2019 онд өргөтгөж багажит шинжилгээний лаборатори, химийн шинжилгээний лабораторийг байгуулж, Микробиологийн лабораторийг шинэчилж, хүний нөөцийн чадавхийг улам бэхжүүлэхэд анхааран ажиллалаа. Эм шинжилгээний лабораторид эм зүйн ухааны магистр, докторын зэрэгтэй, тус сургуульд 2-30 жил багшилж буй дадлага туршлагатай шинжлэгч/багш нар ажиллаж байна.

Сүүлийн бичлэг