mn

“Нейросайнсын үндсэн техникүүд” олон улсын сургалт эхэллээ

Өнөөдөр буюу 2020 оны 08 сарын 10-ны өдөр “Нейросайнсын үндсэн техникүүд” олон улсын сургалт эхэллээ. Тус сургалтыг Дэлхийн тархи судлалын байгууллагын Ази-Номхон далайн бүсийн хороо болон АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэн хамтран Монгол улсад 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.  

   АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэн нь тархи судлалын шинжлэх ухааныг Монгол улсад хөгжүүлэх зорилгоор судлаачдыг дэмжих, тэдэнд онолын мэдлэг эзэмших, лабораторийн ур чадварт суралцах, эрдэм шинжилгээ, судалгаанд оролцоход нь туслах зорилго бүхий лекц, семинар, туршилт, хэлэлцүүлэг зэрэг олон талт сургалтын хэлбэрүүдийг багтаан энэхүү олон улсын сургалтыг зохион байгуулж байгаа юм.

   Тархи судлал бол мэдрэл судлал,  мэдрэлийн мэс засал, мэдрэлийн дүрс оношилгоо, сэтгэцийн эмгэг судлал, сэтгэл судлал зэрэг салбар шинжлэх ухааны суурь шинжлэх ухаан болж бүх шинжлэх ухаантай холбогдож  байдаг. Хорин нэгдүгээр зууны тэргүүлэх шинжлэх ухаанаар нэрлэгдэж буй тархи судлалын шинжлэх ухааны хөгжлийн дүнд хиймэл оюун ухаан, биотехнологи, гэнийн инженерчлэл, үүдэл эсийн эмчилгээ зэрэг олон салбарууд үсрэнгүй хөгжиж, дэвшилт гарч хүн төрөлхтний амьдралыг эрс хувьсан өөрчилж, өдөр тутам түгээмэл хэрэглэгдэж байна.

  “Нейросайнсын үндсэн техникүүд” олон улсын сургалт нь та бүхэнд дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны салбар болох тархи судлалыг таньж мэдэхэд, түүнчлэн судалгаа шинжилгээ, эрдмийн их ажилд тань үнэтэй хувь нэмэр оруулна гэж  гүнээ итгэж байна. Энэхүү сургалтад хүрэлцэн ирсэн  эмч, судлаач та бүхэнд цаашдын эрдмийн их үйлсэд тань амжилт хүсье.