T2C (TRAINING TO CLINICIANS) сургалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа

АШУҮИС нь Багш хөгжүүлэх бодлогын хүрээнд олон ажлыг төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь Харвардын Анагаах ухааны сургуультай хамтарсан Багш хөгжүүлэх хөтөлбөр байлаа. Их сургуулийн багш нарын нэлээдгүй хувийг эмч, эмнэлгийн мэргэжилтэн эзэлдэг бөгөөд эдгээр хүмүүсийг багш болгон бэлтгэх, хөгжүүлэх нь Багшийн хөгжлийн төвийн үндсэн үйл ажиллагаа байдаг.  Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар нь цаашдаа ч Багш хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулж, дэлхийн түвшний багш бэлтгэхээр зорин ажиллаж байна.

   БСШУСЯ, Азийн хөгжлийн банк, Дээд боловсролыг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр 2019-2020 оны хичээлийн жилд Анагаахын чиглэлээр дээд боловсролын үйлчилгээ үзүүлдэг их дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагын эмч – багш, судлаач нарын чадавхыг бэхжүүлэх зорилгоор АШУҮИС нь АНУ-ын Харвардын Анагаах Ухааны Суруультай хамтран T2C (TRAINING TO CLINICIANS) сургалтыг 2019 оны 11 сарын 30-ны өдрөөс 2020 оны 8 сарын 27-ны өдөр хүртэл амжилттай зохион байгуулж дууслаа.

   Монгол Улсад зохион байгуулагдаж буй эмч-багш бэлтгэх сургалт нь танхимын болон цахим хосолсон /blended/ хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд биечилсэн семинар, онлайн лекц, багийн ажил, ганцаарчилсан болон багт суурилсан сургалт зэргээс бүрдсэн. Эмч – Багш бэлтгэх сургалтын зорилго нь Харвардын Анагаах Ухааны Сургуульд хэрэгждэг орчин үеийн судалгааны арга, аргачлалыг Монгол дахь эмч – багш нарт заах, харилцан туршлага солилцох явдал байлаа. Эдгээр арга, аргачлалд эмнэлзүйн судалгааг хэрхэн хийх, хэрхэн турших, өвчтөний аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн байгууллагын чанарыг дээшлүүлэх, удирдлага менежментийн сургалт багтсан.

  Хөтөлбөрт хамрагдсанаар Харвардын Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн багш нарын удирдлага дор суралцахаас гадна тус сургуулийн төгсөгч болж, тухайн сургуулийн цахим номын сангаас хүссэн мэдээллээ авах, цахим имэйл хаяг эзэмшиж, эрдэмтэн багш нартай харилцаа тогтоохоос гадна Харвардын Их Сургуулийн бүртгэл бүхий сертификатыг авсан юм.

  Сургалтыг амжилттай төгссөн АШУҮИС – ийн 52 багш, салбар сургуулийн 5 багш, хувийн их дээд сургуулийн 4 багш, ТББ-ын 3 судлаач, эрүүл мэндийн байгууллагын 35 эмч нартаа амжилт хүсч, баяр хүргэе. Мөн сургалтын гэрээг байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн БСШУСЯ, Дээд боловсролыг Дэмжих төслийн хамт олон, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан,  үндсэн зохион байгуулагчаар гэрээ байгуулж, багш хөгжүүлэх бодлогын хүрээнд санхүүгийн нөөц бололцоог бүрдүүлж, удирдан ажилласан АШУҮИС-ийн Захирал асан Ж.Цолмон, амжилттай зохион байгуулсан Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын хамт олонд талархаж байна.

Сүүлийн бичлэг