mn

Мэндчилгээ

АШУҮИС-ийн эрдэмтэн профессорууд, багш судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчид, оюутан залуус Та бүхэндээ 2020-2021 оны хичээлийн жилийн баярын мэндийг хүргэе.

Төрөлх сургуулиа Ази номхон далайн баруун бүсийн шилдэг сургууль болгох их үйлст хүндэт багш, эрхэм шавь нартайгаа хамт зүтгэх болсондоо миний бие баяртай бөгөөд урам зориг дүүрэн байна. Эрүүл мэндийн шинжлэх ухааны бүх шатны сургалтыг бид хүн арддаа чанартай хүргэж, АШУҮИС-д үндэсний болон олон улсын шаардлагад нийцсэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлын цар хүрээ, түвшинг дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн, судалгааны их сургууль болгон хөгжүүлэхэд тодорхой дэвшил гарган ажиллана. Бид шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдлийг  бататган, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог улам боловсронгуй болгож, эмнэлгийн тусламжийн тэргүүлэх чиглэлээр чанар, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэн, нэн ялангуяа дэлхий дахинд корановирусийн цар тахал дэгдсэн энэ цаг үед ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах бэлэн байдлыг хангаж, манлайлан ажиллах ёстой. Тиймээс АШУҮИС-ийн хамт олон, хүн бүр идэвх санаачилгатай, тодорхой үр дүн гарган ажиллахыг хүсч байна.

Оюутан залуустаа сургалтын шинэ дэвшилтэт технологийг суралцахуйн үйл ажиллагаандаа чадварлаг ашиглаж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан эмч, мэргэжилтэн болохын төлөө бүх авьяас чадвараа дайчлан суралцахыг уриалж байна. Та бид эрхэм зорилгоо биелүүлэх үйлсэд  гар сэтгэл нийлэн ажиллаж чадна гэдэгт би итгэл төгс байна.

Та бүхний минь сэдсэн сайн үйлс бүхэн бүтэмжтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар