АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхим “Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж” сургалт зохион байгуулав

Энэхүү сургалт нь Америкийн Мэс засалчдын нийгэмлэг (American College of Surgeons)-ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дэлхийн нийт 90 гаруй оронд зохион байгуулагддаг бөгөөд сургалтыг Америкийн Мэс засалчдын нийгэмлэгийн тусгай зөвшөөрөлтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургагч багш нар заан явуулдгаараа онцлог юм.

  Тус сургалтанд суухад 1 оролцогч АНУ-д 1500 ам.доллар, Австрали улсад 3000 АД, Сингапур улсад 1600 Сингапур доллар төлдөг. АШУҮИС-ийн Мэс заслын тэнхим, Америкийн Мэс засалчдын нийгэмлэг (American College of Surgeons), АНУ-ын Юта мужийн их сургуулийн Глобал мэс засал төвүүдийн хамтын ажиллагааны хүрээнд нийт оролцогч нарыгаа олон улсын стандартад нийцсэн өндөр түвшинд зохион байгуулагддаг, төгсөгч нарын сертификат нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү сургалтанд дээрх тогтсон сургалтын төлбөрөөс хөнгөлөн эх орондоо суралцах боломжийг олгож байгаа билээ.

   ГАЛТ сургалт нь АШУҮИС болон УНТЭ-ийн Мэс заслын резидентийн хөтөлбөрт албан ёсоор багтаж эхэлсэн бөгөөд Мэс заслын резидентийн төгсөлтийн шалгуурт зайлшгүй уг сургалтанд сууж, амжилттай дүүргэсэн байх шаардлагыг тавьж эхлэлээ. Цаашид Гэмтэл, Эрчимт эмчилгээ, Мэдээгүйжүүлэг, Яаралтай тусламжийн резидентийн хөтөлбөрт багтаан оруулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

   Цар тахалтай холбоотойгоор үүссэн онцгой байдлын шалтгаанаас түр завсарлаад байсан сургалт маань 2020.09.19-21 хооронд АШУҮИС-ийн АУС дээр амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэ удаагийн сургалтанд УНТЭ, АШУҮИС-ийн Мэс заслын 2р курсийн резидeнт эмч нар хамрагдлаа. Лекцийн болон дадлагын өртөөнүүдээс бүрдэх 3 өдрийн сургалтыг амжилттай дүүргэж, шалгалтанд тэнцсэн оролцогчдод Америкийн Мэс засалчдын нийгэмлэгээс тусгай сертификатыг олгох юм.

   Дараагийн сургалтыг 2020.09.25-27 хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сүүлийн бичлэг