“Хүүхдийн тархины саажилтын сэргээн заслын орчин үеийн аргууд” олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хурал боллоо

 2020 оны 10-р сарын  2-нд  “Хүүхдийн тархины саажилтын сэргээн заслын орчин үеийн аргууд” олон улсын эрдэм шинжилгээ, практикийн III онлайн хуралд ОХУ, Монгол, Болгар, Кыргыз зэрэг орны сэргээн засах төвүүдээс  эрдэмтэд, эмч,  мэргэжилтэн, оюутнууд  оролцов. Энэхүү бага хурал нь жил бүрийн 10-р сарын эхээр тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын хүүхдийн тархины саажилтын өдрийг тохиолдуулж, эдгээр хүүхдүүдийн  орчныг өөрчлөхөд зориулснаараа онцлог бөгөөд хуралд оролцогчид нь өөрсдийн шинжилгээ, судалгаа, практик туршлага, үр дүнгээ хуваалцсанаар хүүхдийн тархины саажилтын сэргээн заслын орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг амжилттай  тодорхойлох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдав.

   Гурван цагийн дотор Чита, Улаанбаатар, Софи, Донецк, Новосибирск, Череповец, Алмата, Токмок, Ош зэрэг хотуудаас 11 илтгэгчийн яриаг сонсож, хэлэлцэв. Орос улс болон  гадаад орноос оролцсон 50 гаруй мэргэжилтнүүд уг хурлаар хэлэлцсэн асуудлын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

  Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн их сургуулийн “Экологи ба хүний эрүүл мэнд” шинжлэх ухаан-боловсролын төвийн дарга, доктор, профессор, ОХУ-ын гавьяат эмч Кохан Сергей Тихонович уг арга хэмжээнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.

  Тус хуралд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Б.Уламбаяр “Эцэг эхийн оролцоонд тулгуурлан тархины саажилттай хүүхдийн сэргээн заслыг дэмжих нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд “Тархины саажилттай сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд сэргээн заслын эмчилгээний үед хийгдсэн танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэх хувь хүнд тохирсон хөтөлбөрийн нөлөө” сэдвээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн мэргэжилтнүүд илтгэл тавив. Мэргэжилтнүүд тархины саажилттай сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд сэргээн засах, эмчлэх үйл ажиллагаанд танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэх ганцаарчилсан хөтөлбөрийн үр нөлөөний талаар хийсэн судалгааны ажлын үр дүнгээ хуваалцлаа.

  “Тархины саажилтын хүнд хэлбэртэй хүүхдүүдэд үүдэл эсийн аутотрансплантацийг сэргээн засалтай хослуулан хэрэглэх нь”  сэдвээр Донецкийн Анагаах ухааны их сургуулийн АУ-ны доктор, профессор С.К. Евтушенкогийн тавьсан илтгэл болон АУ-ны доктор, профессор С. Т.Коханы “Өвөрбайгалийн улсын их сургуулийн тархины саажилттай оюутнуудын дасан зохицлын болон биеийн сэргээн заслын практикууд”  сэдэвт илтгэл тус хуралд оролцогсдын анхаарлын төвд байлаа.

   Алмата хотын  “АРДИ” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн олон нийтийн холбооны дарга Тамара Джумабекова тархины саажилттай хүүхдүүдийн  сэргээн засах онцлог шинж чанарын талаар илтгэл тавьж, энэ чиглэлийн ажлын бэрхшээл, хэтийн төлөвийн талаар ярилаа. Софийн Анагаах Ухааны Их сургуулийн Антоанета Терзиева, Надка Васильева, Стефка Георгиева-Гарбева нар байгууллага дээрээ хэрэгжиж буй тархины саажилттай хүмүүсийн орчин үеийн сэргээн засах үйл ажиллагааны талаар сонирхуулав.

  Тус бага хурлыг Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн их сургуулийн “Экологи ба хүний эрүүл мэнд” шинжлэх ухаан-боловсролын төвийн дарга, доктор, профессор, ОХУ-ын гавьяат эмч Кохан Сергей ТихоновичАШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн Бичил амь  судлалын тэнхимийн дэд профессор, АУ-ны доктор Б.АриунсанааАШУҮИС-ын Цахим сургалтын арга зүйч  С.Гал-Эрдэнэ нар амжилттай зохион байгууллаа.

Сүүлийн бичлэг