Зүү эмчилгээний номын сан хөмрөг баяжигдан арвижив

МАУОУС-ийн Зүү төөнө заслын тэнхим нь долоо дахь жилдээ БНХАУ-ын Тяньжин хотын Хятад анагаах ухааны их сургуультай хамтын хөтөлбөрөөр сургалт явуулж Зүү төөнө заслын эмчийн бакалаврын зэрэгтэй 2 удаагийн төгсөлт хийсэн байна. Энэ хугацаанд шинэ хөтөлбөр, хичээлүүдийг боловсруулан орж байгаа бөгөөд сурах бичиг ном бичиж хэвлүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Өнөөг хүртэл МУ-ын гавьяат эмч, профессор Н.Төмөрбаатар нарын туурвисан зүү эмчилгээний онол, суваг хэрдэс, сүв судлалын болон эмнэлзүйн сурах бичгүүдийг ашиглан ирсэн.

   Зүү төөнө заслын тэнхимийн эрхлэгч доктор В.Энхтуяа АНУ-ны Зүүний эмч нарын нийгэмлэгт хандаж хүсэлт гаргасны дүнд Кантер эмнэлгийн захирал Ребека Кантерт мэргэжлийн ном,сурах бичиг хандивлах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм. Тус хандивын үйл ажиллагааны үр дүнд АНУ-ын Зүүний эмч нарын холбооны гишүүн David McElwain хувиасаа Зүү төөнө заслын онолын болон эмнэлзүйн 30 гаруй ном, сурах бичиг хандивлаж илгээсэн байна. Энэ дотор дэлхий даяар Зүү төөнө заслын сургалтанд хэрэглэдэг онолын болон эмнэлзүйн гол сурах бичгүүд байгаа нь манай оюутан залуусын мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ англи хэлний мэдлэгийг мэргэжлийн түвшинд хүргэх боломжийг нээж байгаа юм. Тус илгээмжид “Хүүхдийн өвчний зүү эмчилгээ”, “Хятад анагаах ухааны үений эмгэг судлал”, “Хятад анагаах ухааны эмэгтэйчүүдийн эмгэг судлал”, халуун өвчин, нүдний эмгэгийн зүү эмчилгээ, лазер зүү эмчилгээ зэрэг эмнэлзүйн эмч нарт нэн шаардлагатай ном ирсэн байна. Тус ном, сурах бичгүүд нь зүү эмчилгээг чанарын шинэ түвшинд хүргэх, цаашид манай сургуулийн оюутнууд  эх орондоо төдийгүй АНУ-д болон өндөр хөгжилтэй улс орнуудад зүүний эмчийн лицензийн шалгалтыг амжилттай өгч, эмчлэх эрх авах боломжийг нээж байна.