“Альтернатив анагаах ухаан ба Зүү, төөнө эмчилгээ” сэдэвт цахим хэлэлцүүлэг боллоо

“Зүү төөнө засал” мэргэжлээр суралцаж буй  нэгдүгээр дамжааны оюутнууд санаачлан БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхим, МАУОУС-ийн Зүү төөнө заслын тэнхимтэй хамтран  “Альтернатив анагаах ухаан ба Зүү, төөнө эмчилгээ” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2021 оны 3-р сарын 24-ны өдөр “Google meet” программ ашиглан  амжилттай зохион байгууллаа. Тус цахим хэлэлцүүлэгт БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхим, МАУОУС-ийн  Зүү төөнө заслын тэнхимийн багш нар,  Зүү төөнө заслын 101, 102-р хэсгийн оюутнууд болон бусад 1, 2-р  дамжааны 52 оюутнуудын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийг Зүү төөнө заслын 102-р хэсгийн ахлагч Б.Гүндэгмаа удирдаж, Зүү төөнө заслын оюутан М.Энхтунгалаг, Н.Даваажаргал, Г.Номин-Эрдэнэ, Ч.Амгаланзаяа нар “ Алтернатив анагаах ухаан, таван махбодын онолыг” харилцааны ур чадварын хичээлээс олж авсан мэдээлэлд суурилж хүн байгалийн шүтэлцээ, цогц ойлголт, сэтгэл хөдлөлийн илэрхийллийн талаар асуудал дэвшүүлсэн танилцуулга хийв.

Тус хэлэлцүүлэгт Хүүхдийн зүүний эмчээр таван жил ажилласан профессор С.Наранчимэг “Хүүхдийн эмч мэргэжлийн онцлог, зүүний эмчээр ажилласан туршлага, ач холбогдлын талаар” оюутнуудын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, Зүү төөнө эмчийн онцлог, мөн чанар, үнэ цэнийг ойлгуулсан сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Түүнчлэн МАУОУС-ийн  Зүү төөнө заслын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор В.Энхтуяа, тэнхимийн багш нар Зүү төөнө заслын их эмч бэлтгэсэн түүх, мэргэжилтний хэрэгцээ, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, 1-р курсээсээ мэргэжлийнхээ талаар сонирхож, ихийг сурах хүсэл тэмүүлэлд нь талархал дэвшүүлж цаашид үе шаттай олон хэлэлцүүлгийг оюутнуудтайгаа хамтарч хийхээр боллоо. БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхим