Эмнэл Зүйн Молекул Оношилгооны Төв, шүлсэнд коронавирусыг илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүллээ

Эмнэл зүйн молекул оношилгооны төв, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхлэх үйл ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон бусад албаны хүмүүс АШУҮИС дээр ирж ажиллалаа.

АШУҮИС-ийн “ЭМНЭЛ ЗҮЙН МОЛЕКУЛ ОНОШИЛГООНЫ ТӨВ”-ийн үйл ажиллагаа эхэллээ. Ингэснээрээ  цар тахлын үед эрүүл мэндийн салбарт үүсэж буй ачааллыг хуваалцах, бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Тус төв нь Био-Аюулгүй байдлын 2-р зэргийн түвшинд нийцсэн,  агаар дуслын замаар дамжих халдварын эрсдэл болон ПГУ шинжилгээний хуурамч эерэг хариу гарах бохирдлын эрсдэлээс сэргийлэх зорилгоор шинжилгээний өрөө тус бүрт эерэг болон сөрөг даралтыг үүсгэсэн HEPA фильтер бүхий агааржуулалтын цогц системийг бүрэн шийдсэн, шинжлүүлэгчийн цус, хамар залгиурын арчдас зэрэг сорьцноос хүний геномын ДНХ болон  вирусийн нуклейн хүчил (ДНХ/РНХ) ялгах бүрэн автомат ялгагч машин, бодит хугацааны Полимеразийн Гинжин Урвал (бх-ПГУ) шинжилгээний машин суурилуулагдсан, бактерийн болон вирусийн шалтгаанд төрөл бүрийн халдварт өвчин, генийн мутацийн улмаас үүсэх зарим төрлийн халдварт бус эмгэгийг оношлох хүчин чадалтай юм.

Мөн АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачид коронавирусыг шүлсэнд илрүүлэх оношлуурыг амжилттай зохион бүтээж хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү оношлуур нь коронавируст халдварыг эрт илрүүлэх өндөр мэдрэг чанартай, хурдан хугацаанд хариу гаргах, шинжилгээ өгч буй хүнд зовиургүй,  шинжилгээ авах үед гарах халдварын эрсдэлийг багасгах зэрэг олон давуу талтай,  эх орондоо үйлдвэрлэж буй анхны оношлуур юм.