“ЭРДМИЙН ЧУУЛГАН – 63” Aнагаах ухааны эмнэлзүйн салбар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн“Эрдмийн чуулган-63” Анагаах ухааны эмнэлзүйн салбар хуралдаан 2021 оны 04-р сарын 07-ны өдөр Zoom Webinar хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд нийт 650 хүн цахим хэлбэрээр оролцож, хурлын үйл ажиллагаа цахим орчид 489 удаа шэйр хийгдэж, нийт 275 сэтгэгдэл хүлээн авсан ба нийт 396000 хүнд хурлын үйл ажиллагаа хүрсэн байна.

Салбар хуралдааныг нээж АУС-ийн Захирал, АУ-ны доктор, дэд профессор Д.Мөнхбаатар үг хэлэв.

Анагаах ухааны эмнэлзүйн салбар хуралдаанд АШУҮИС-ийн Захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар мэндчилгээ дэвшүүллээ.

Хуралд зочин илтгэгчээр Монгол улсын Төрийн Соёрхолт, Хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн оролцож “Амжилтын түүчээ” сэдвээр илтгэл уншин Монгол улсад Мэс заслын салбар үүсч хөгжсөн түүх, ололт амжилт, Элэг, Бөөр шижүүлэн суулгах мэс заслын багийн гишүүд Монгол Улсын Төрийн Соёрхолт хэмээх эрхэм алдрыг хүртсэн зэрэг өөрийн ажил, амьдралын замнал, амжилтын түүчээгээ хуваалцан ярилцлаа.

Зочин илтгэгч МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, Физик, математикийн ухааны доктор, дэд профессор Д.Улам-Оргих “Монгол улсад тархсан КОВИД-19 цар тахлын динамик хандлага” сэдвээр маш сонирхолтой илтгэл тавьлаа. Хурлын олон улсын зочин илтгэгчээр Лос Анжелесийн Хүүхдийн Эмнэлгийн Нийтийн эрүүл мэндийн сургалт хариуцсан захирал, Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Хүүхэд судлал болон Молекул микробиологи, дархлаа судлалын тэнхимийн багш, Лос Анжелесийн Хүүхдийн Эмнэлэгийн Хүүхдийн халдварт өвчин судлалын сургалт хариуцсан захирал, КОВИД-19 вакцин судлалын багийн гишүүн, профессор Пиа Паннараж “КОВИД-19 вакцины талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?” сэдвээр сонирхолтой илтгэл танилцуулав.

АУС-ийн нэр дээр олон улсын импакт фактор бүхий, нэр хүндтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн 3 багшийн илтгэлийг “Онцлох илтгэл”-ээр шалгаруулан хэлэлцүүллээ. АУС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор, дэд профессор Б.Жаргалсайхан “Улирлын чанартай агаарын бохирдол үр хөврөл бүрэлдэхэд нөлөөлөх нь” сэдвээр, АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор Б.Оюунтөгс “Бөөр шилжүүлэн суулгасны дараах дасгал хөдөлгөөн” сэдвээр, АУС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхмийн багш, АУ-ны доктор Б.Гантуяа “Ходоодны микробиомын судалгаа” сэдвээр тус тус илтгэл тавьж судлаачдын асуултанд хариуллаа.

Энэ удаагийн эрдмийн чуулганаар эрдэмтэн багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дээж болсон 190 эрдэм шинжилгээний илтгэл, 65 эмнэлзүйн ховор тохиолдлуудаас Эмнэлзүйн эрдмийн чуулганы анхан шатны сонгон шалгаруулалтад тэргүүлсэн эхний 9 илтгэлийг хурлын үеэр хэлэлцүүлсэн.

 Аман илтгэлийн төрөлд Б.Базарсүрэн нарын “Жирэмсний эхний гурван сарын Дауны хамшинжийн илрүүлэгт ургийн шилэн хүзүүний арын зайн шингэний хэмжилтийг ашиглах нь” сэдэвт судалгааны ажил “ТЭРГҮҮН” байрт, Г.Мижидсүрэн нарын “Зүрхний цочмог шигдээс бүхий өвчтөнүүдэд олон судасны эмгэгийн үед дан шигдээс хамааралт судсанд эсвэл олон судсанд титэм судсан дотуурх эмчилгээ хийсэн үр дүн” сэдэвт судалгааны ажил “ДЭД” байрт, Ц.Алтантуяа нарын “Нярайн скрининг шинжилгээгээр төрөлхийн анхдагч гипотиреозыг илрүүлсэн үр дүн” сэдэвт судалгааны ажил “ГУТГААР” байрт тус тус шалгарсан. Эмнэлзүйн ховор тохиолдлын хэлэлцүүлэгт Ц.Чинбаяр нарын “Ковид-19 нэн хүнд хэлбэрийг эмчилсэн тохиолдол “ТЭРГҮҮН” байрт, Ц.Одгэрэл нарын “Төрөлхийн тромбофилитэй эмэгтэйд жирэмслэлт, төрөлтийг амжилттай шийдвэрлэсэн тохиолдол” “ДЭД” байрт, Д.Довчинжамц нарын “Хүүхдийн хоёр нүдний гэнэт өвдөлтгүй хараа алдагдал” эмнэлзүйн тохиолдол “ГУТГААР” байрт тус тус шалгарсан. Хуралд ивээн тэтгэгчээр “Монос Фарм Трейд” ХХК, “БОЛОР МЭЛМИЙ” эмнэлэг, “ЭМЖЖ” Чих хамар хоолойн эмнэлэг, “САНТО” ХХК , “OCULOPLASTIC” эмнэлэг, “СОЛОНГО” нүдний эмнэлэг, “СОНДРА” нүдний эмнэлэг, “Denk Pharma” ХХК, “Green Gate” ХХК зэрэг байгууллагууд хамтран ажиллаа. Хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхмийн ахлах багш, АУ-ны доктор, дэд профессор Б.Жаргалсайхан, нарийн бичгийн даргаар Дотоод шүүрэл судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор Б.Оюунтөгс нар ажиллаа.

Эмнэлзүйн салбарын эрдмийн чуулганыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч байгууллагууд, хамтран ажилласан бүх эмч, эрдэмтэд та бүхэнд Анагаах Ухааны Сургуулийн хамт олон, зохион байгуулах комиссын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сүүлийн бичлэг