“АШУҮИС-ийн багшийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийг үнэлэх журам”-ыг сургууль, тэнхимүүдээс дахин санал авч нэгтгэн 15 хоногт багтаан албажуулахаар боллоо

Манай их сургуулийн Захиргааны зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цахимаар зохион байгуулагдаж “АШУҮИС-ийн багшийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийг үнэлэх журам”, “Эрдмийн сургуулийн бүтэц”-ийг тус тус хэлэлцлээ.

АШУҮИС-ийн Захирлын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/230 тоот тушаалаар “АШУҮИС-ийн багшийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийг үнэлэх журам”-ыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан 18 удаа, бүрэлдэхүүн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгч нартай 4 удаа, Анагаах ухааны боловсрол судлалын Эрдмийн зөвлөлөөр тус тус хэлэлцүүлж, дэд захирал, газар, нэгжийн дарга, багш нараас ирсэн 360 гаруй саналыг тусган боловсруулсан байна.

Уг журамд Захиргааны зөвлөлийн гишүүдээс гаргасан саналууд, Эрдмийн сургуулийн багшийн цагийн ачааллыг тусгаж, ерөнхий эрдмийн, анагаахын суурь боловсролын, эмнэл зүйн тэнхимүүдийн ангилалд сургуулиудаас дахин санал авч нэгтгэн 15 хоногт багтаан албажуулахыг ажлын хэсгийн дарга, Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатарт үүрэг болгов.

Эрдмийн сургууль нь Олон улсын цахим сургалтын төв, Эрүүл мэндийн судалгааны тэнхим, Анагаах ухааны эрх зүй, боловсрол судлалын тэнхимүүдтэй байхаар тогтов.

Захиргаа, хүний нөөцийн газар