mn

АШУҮИС-ийн оюутан Олон улсын оюутны Анхдугаар онлайн чуулганд илтгэлээ танилцууллаа

2021 оны 4-р сарын 7-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр Олон улсын оюутны Анхдугаар эрдэм шинжилгээний онлайн бага хурал болов. Энэхүү арга хэмжээг Польшийн оюутны эрдэм шинжилгээний байгууллага Life4U болон Быдгощ дахь Эдийн засгийн их сургуулийн Спорт, биеийн тамирын дээд сургууль, Өвөр байгалийн их сургуулийн Инклюзив боловсролын бүсийн төв хамтран зохион байгуулав.

Энэхүү хурал нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролын асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэв. Евразийн орнуудаас ОХУ, Польш, Монгол, Киргиз, Украин, Казахстан, Чех, Беларусь зэрэг 12 их сургуулийн оюутан сурагчид оролцон илтгэл тавилаа.

Чуулганд оролцогчдын илтгэлийг Польшийн Быдгощ дахь Эдийн засгийн их сургуулийн Спорт, биеийн тамирын дээд сургуулийн захирал, профессор Александр Скали, WSG-ийн зочин профессор, Өвөр байгалийн их сургуулийн Инклюзив боловсролын бүсийн төвийн захирал Сергей Кохан, оюутны Life4U эрдэм шинжилгээний байгууллагын дарга Ксения Верешчак нар хүлээн авч удирдан явуулав.

Чуулганы хөтөлбөр нь 3 хэсгээс бүрдсэн байлаа. Арга хэмжээний туршид илтгэгчдийн илтгэлийг Каролина Парадовска англи хэлнээс, Адриана Урбанска польш хэлнээс, Ксения Верешчак  орос хэлнээс тус тус  орчуулсан байна.

Монголын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн 5-р дамжааны оюутан Г.Марал “Тархины саажилттай сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг сэргээн засах эмчилгээний талаарх туршлага” сэдвээр англи хэл дээр илтгэл тавилаа.

Хамгийн олон тооны илтгэлийг Өвөр Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын анхан шатны байгууллага, оюутны нийгэм-сурган хүмүүжүүлэх бүлгийн оюутан залуучууд танилцуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэргээн засах талаар янз бүрийн чиглэлийг хөндсөн байна. Оюутан Карина Лоншакова, Наталья Федотова, Вера Грудинина, Татьяна Сорокина нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Мөн Польшийн оюутнуудаас Каролина Парадовска цартахлын үед сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн төлөв байдал, эмгэг өөрчлөлтийг судласан талаар илтгэсэн байна. Череповецийн Улсын Их Сургуулийн Алена Силинская “Хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн өмнөх насны хүүхдүүдтэй харьцахын тулд цар тахлын үед видео хичээлийг ашиглах онцлог шинж чанарууд” сэдэвт илтгэлийг танилцуулав. Зүүн Сибирийн Технологи, Менежментийн Их Сургуулийн Билэгма Рабжинова Буриад улсын аутизмтай хүүхдүүдтэй ажиллах явцад олж авсан үр дүнгээ танилцуулав.

Чуулганы үеэр 20 илтгэгч үг хэлсэн бөгөөд тэдний хөндсөн асуудлын дагуу төсөл боловсруулан, уг төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг явуулж, эдгээр төслийг хэрэгжүүлэх улс орны тоог өргөжүүлэх болно.

Арга хэмжээний үр дүнг нэгтгэн Польшийн Быдгощ дахь Эдийн засгийн их сургуулийн Спорт, биеийн тамирын дээд сургуулийн захирал, профессор Александр Скали, Өвөр байгалийн их сургуулийн Инклюзив боловсролын бүсийн төвийн захирал Сергей Кохан,  Череповецийн их сургуулийн профессор Ольга Денисова, Зүүн Сибирийн Технологи, Менежментийн Их Сургуулийн профессор Юлия Шурыгина, АШУҮИС-ийн профессор Б.Ариунсанаа нар анагаах ухаан, биеийн тамир, сэтгэл зүйн чиглэлээр судалгаа шинжилгээг удирдсан багш, сурган хүмүүжүүлэгч, оюутан залуучуудын бүтээлтэй танилцах боломжийг олгосон сонирхолтой, мэдээлэл сайтай хурал зохион байгуулагч, илтгэгч нарт талархал илэрхийлэв.

Оюутны чуулганы энэ хэлбэр нь маш их эрэлт хэрэгцээтэй байгаа тул жил бүр зохион байгуулж байх хэрэгтэй гэсэн байр суурийг бүх оролцогчид илэрхийлж байсныг тэмдэглэх хэрэгтэй.