“ЭРДМИЙН ЧУУЛГАН-63” Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдаан “КОВИД-19 ЦАР ТАХАЛ БА НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД” олон улсын цахим хурлыг зохион байгууллаа

КОВИД-19 цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдал, тархвар судлал, урьдчилан сэргийлэлт, эрүүл ахуй дархлаажуулалт зэрэг нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох, харилцан туршлага солилцох, олон улсын сайн туршлагаас суралцах зорилгоор АШУҮИС-ийн 63 дахь удаагийн эрдмийн чуулганы Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдааныг 2016 оны 4-р сарын 16 нд “КОВИД-19 ЦАР ТАХАЛ БА НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД” сэдвээр олон улсын хэмжээнд ZOOM цахим платформ ашиглан амжилттай зохион байгуулж,  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн болон Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн албан ёсны фэйсбүүк пэйж хуудсаар шууд нэвтрүүлэн дамжууллаа. Тус хурлыг НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим зохион байгуулав.

Энэ жилийн АШУҮИС-ийн нийгмийн эрүүл мэндийн салбарын 63 дахь удаагийн хурал нь НЭМС-иас 2 жил тутамд зохион байгуулдаг Эрүүл мэндийн нийгмийн ажлын онол, практикийн  хурлыг нэгтгэн, үндсэн хуралдаанаас гадна “Нийгмийн эрүүл мэнд”, “Нийгмийн ажил” гэсэн хоёр салбараар зэрэгцээ хуралдаж, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамтай хамтарснаараа  онцлог байв. Хурлын нээлтэнд  Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны сайд А.Ариунзаяа мэндчилгээ дэвшүүлэв.

Тус эрдмийн чуулганд АНУ, Англи, Нидерланд, Австрали, Япон, БНСУ, Канад, Хондурас, ОХУ, Монгол зэрэг  10 орны 14 эрдэмтэн, судлаачид зочноор илтгэл тавьж, сайн туршлагаа хуваалцав. Үндсэн хуралдаанд дотоодын  зочин илтгэгчээр  НЭМС-ийн захирал, АУ-ы доктор, профессор Д.Даваалхам, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ы доктор, дэд профессор Л.Баттөр, МУИС-ийн багш ФУ-ы доктор Ц.Нямсүрэн нар Ковид-19 цар тахлын талаар, салбар хуралдаанд   НЭМС-ийн Шим тэжээл судлалын тэнхмийн зөвлөх багш, ХААУ-ы доктор, дэд профессор Л.Сонинхишиг, Зүүн Финляндын их сургуулийн багш, НЭМ-ийнбодлогын доктор Д.Жавхланбаяр, Нидерланд улсын Хронингений их сургуульд НЭМУ-ны доктор хамгаалсан Т.Ариунтуяа багш нар зочноор оролцож, судалгааны ажлын үр дүнгээс хуваалцлаа.  

Энэхүү КОВИД-19 ЦАР ТАХАЛ БА НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД” олон улсын цахим хурлаар дэлхий дахинаа цар тахал хэлбэрээр дэгдэж байгаа Ковид 19 халдварын үеийн эрүүл мэнд тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тархвар судлал, урьдчилан сэргийлэлт, эрүүл ахуй дархлаажуулалт, иргэдийн халдвараас сэргийлэх зан үйл, эрүүл мэндийн боловсролын чиглэлээр нотолгоонд суурилсан бодлого, төлөвлөлт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаарх 72 өгүүлэл, 58 илтгэл, 13 сайн туршлага ирүүлснээс нийт 18 илтгэл, 10 сайн туршлагыг шалгаруулж, зэрэгцээ явагдсан салбар хурлаар хэлэлцүүлэв. 

Нийгмийн эрүүл мэнд салбар хурал нь “Ковид ба нийгмийн эрүүл мэнд”, “Нийгмийн эрүүл мэндийн бусад тулгамдсан асуудлууд” сэдвээр, “Нийгмийн ажил” салбар хурал нь “Ковид ба нийгмийн ажил” сэдвээр нийт 8 илтгэл, олон улсын болон дотоодын 10 сайн туршлагыг  хэлэлцэв. Салбар хурал бүрээс 3 шилдэг илтгэл буюу нийт 6 шилдэг илтгэл, 3 сайн туршлагыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Шалгарсан 6 шилдэг илтгэлээс АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган-63”  нэгдсэн хуралд оролцох шилдэг илтгэлээр Орчны эрүүл мэндийн тэнхмийн ахлах багш, АУ-ы доктор, дэд профессор Г.Энхжаргалын “КОВИД-19 цар тахлын үеийн хөл хорио ба агаарын бохирдлыг судалсан дүнгээс” сэдэвт бүтээл шалгарав.

Үндсэн болон салбар  хуралдааныг zoom платформд зэрэгцээ орчуулгатай зохион байгуулсан ба гадаад зочин илтгэгчдийн илтгэлийг англи хэлнээс монгол хэлнээ ЭМНАНУТ-ийн багш Г.Золжаргалан, Орчны эрүүл мэндийн тэнхмийн багш Г.Жаргалсайхан, Шим тэжээл судлалын тэнхимийн багш Л.Хулан, орос хэлнээс монгол хэлнээ ЭМНАНУТ-ийн дадлагажигч багш Ч.Аззаяа нар орчуулж ажиллав.

Уг хурлыг “Юнисолюшн Партнерс” ХХК нь олон улсын жишигт нийцсэн Plagiarism буюу оюуны бүтээл хуулбарлалтыг илрүүлэх цогц програм хангамжийг хуралдаан”-д ирүүлсэн бүтээлүүдэд үнэ төлбөргүйгээр ашиглуулсан нь судлаачдын академик ёс зүйг эрдэмтэн, судлаач, олон нийтэд түгээх, оюуны өмчийг хүндэтгэх, хамгаалах цаашлаад судлаачдын судалгааны арга барилыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байгаа бол Bioplus MONGOLIA, OSPRING зэрэг эрүүл мэндийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүний дээжээр хурлыг ивээн тэтгэв.

АШУҮИС, НЭМС, ЭМНАНУТ

Сүүлийн бичлэг