“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН” Магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардан авлаа

Уламжлалт анагаах ухааны магистр бэлтгэх төгсөлтийн сургалт нь 1994 оноос манай их сургууль дээр эхлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүний нөөцөд уламжлалт анагаах ухааны магистр хэмээх ахисан шатны шинэ мэргэжилтэн ажиллаж эхэлсэн билээ.

УАУ-ны чиглэлээр шинжлэх ухааны магистрын хөтөлбөрт элсэгчдийн тоо сүүлийн 5 жилд тасралтгүй өсөж 2015 онтой харьцуулахад элсэлтийн тоо 2020 онд 60%-иар нэмэгдэж, ялангуяа тус хөтөлбөрт элсэн орж байгаа гадаад элсэгчдийн тоо нэмэгдсээр 2021 оны байдлаар нийт 31 гадаад суралцагч суралцаж байна.

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ажлын хэсэг БМИҮЗ-ийн 2020.04.13-ны өдрийн 06 тоот тогтоолоор батлагдсан магистрын хөтөлбөрийн шалгуур шаардлагын дагуу өөрийн үнэлгээний тайлангаа боловсруулж, 2021.02.05-нд БМИҮЗ-ийн Эрүүл мэндийн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд шинжээчийн багийн тайланг хэлэлцүүлж 100% саналаар дэмжигдсэн билээ. 2021 оны 5 сарын 11-ний өдөр БМИҮЗ-ийн Ажлын албаны захирал О.Янжмаа хүрэлцэн ирж, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатарт “Уламжлалт анагаах ухаан” магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.

Уг арга хэмжээнд ажлын хэсгийн дарга Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дамдиндорж, ТСБЗГ-ын дарга А.Шийрэвнямба, МАУОУС-ын захирал Д.Цэнд-Аюуш, Эрдмийн сургуулийн захирал Н.Сүмбэрзул, БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэл хариуцсан ахлах шинжээч Б.Мядагмаа, шинжээч Б.Оюунцэцэг, МАУОУС-ын УЖСТ-ийн тэнхимийн эрхлэгч, БМИҮЗ-ийн шинжээч Б.Цэрэнцоо нар оролцлоо.

Арга хэмжээний үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар Монгол Улсын хэмжээнд Уламжлалт анагаах ухааны чиглэлээр магистрын хөтөлбөртэй 5 сургууль сургалт эрхэлж байгаагаас АШУҮИС-ийн МАУОУС-ын “Уламжлалт анагаах ухаан” индекстэй магистрын хөтөлбөр нь улсын хэмжээнд анхных бөгөөд Их сургуулийн хэмжээнд шинэчилсэн хөтөлбөрийн анхны магадлан итгэмжлэгдсэн магистрын хөтөлбөр болсныг цохон тэмдэглээд энэхүү хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхэд оролцсон ажлын хэсгийн хамт олонд гүн талархал илэрхийллээ.

Сүүлийн бичлэг