“4intermedical School Physiology Quiz- Mongolia” зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Физиологийн тэнхим, Нейросайнс, Залуу физиологич оюутны клуб хамтран “Батмөнх сан” –гийн дэмжлэгтэйгээр Монгол улсын гавъяат багш, АУ-ны доктор, профессор Г.Батмөнхийн нэрэмжит Улсын Физиологийн дөрөвдүгээр олимпиад “The 4th Inter-Medical School Physiology Quiz- Mongolia’’-г 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус олимпиад нь Монгол улсад Анагаахын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиудын 2-5 дугаар дамжааны оюутнуудыг хамардаг бөгөөд энэ удаагийн олимпиад цахим хэлбэрээр явуулж байгаатай холбоотой бүртгүүлсэн эхний 20 багийн 60 оюутан оролцсон. Олимпиадын үйл ажиллагааг АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор

Н.Хүрэлбаатар нээн, МУ-ын Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан АУ-ны доктор, профессор Г.Дашзэвэг багш хүндэт зочноор, Шүүгчээр Монгол улсын гавъяат багш, АУ-ны доктор, профессор Г.Сүхбат, АШУ-ны доктор, профессор Г.Отгон, АШУ-ны доктор, профессор Б.Мөнхбат, АУ-ны доктор, дэд профессор Б.Баасанжаргал, Япон улсаас АУ-ны доктор Ч.Чинзориг нар оролцлоо. Олимпиад 3 шаттай явагдсан бөгөөд 3-р шат англи хэл дээр зохион байгуулагдсан нь өмнөх олимпиадуудаас онцлог, дэвшилттэй болж чадсан. Тэргүүн байранд “Crown” багийн Г.Мөнхзаяа, З.Билгүүнтөгс, Э.Ариунтунгалаг, дэд байранд “Growth factors” багийн Б.Ган-Эрдэнэ, Б.Ариунзаяа, Б.Тогтуунсувд, гутгаар байранд “Uncage” багийн Б.Төгөлдөр, Б.Дагва, Г.Нямаа нар түрүүллээ. Түрүүлсэн багууд Г.Батмөнх сангийн нэрэмжит шагналаар шагнагдаж, тэргүүн байрын баг олон улсын IMSPQ олимпиадад оролцох эрхийн эзэд боллоо. Өмнөх жилүүдэд олимпиадад түрүүлсэн оюутнууд 2015-2019 онуудад Малайз, Индонезид болсон амжилттай оролцож байсан юм. 2022 онд Олон Улсын Физиологийн олимпиадыг Монголдоо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сүүлийн бичлэг