Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн чуулган-63 эрдэм шинжилгээний хурал

Монгол улсын ууган их сургуулиудын нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн жаран гурав дахь удаагийн (ЭРДМИЙН ЧУУЛГАН-63) эрдмийн чуулган цахим хэлбэрээр 2021 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр АШУҮИС-д амжилттай зохион байгууллагдлаа. 

Эрдмийн чуулганыг АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар нээж эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын их хурал, Засгийн газрын гишүүн БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар мэндчилгээ дэвшүүлж, АШУҮИС-ийн нийт эрдэмтэн багш, судлаачдад эрдмийн баярын мэнд хүргэв.

Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа АШУҮИС-ийн эрдмийн чуулганд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, АНУ-ын Дюкийн их сургууль, Өмнөд Калифорниагийн их сургууль, Канад улсын Хатан хааны их сургууль, Их Британи улсын Ангила Рускиний их сургууль зэрэг байгууллагын төлөөлөгчид, багш, судлаачид 1000 гаруй хүн цахимаар Zoom платформоор холбогдон оролцлоо. Эрдмийн чуулган-63 цахим хуралдааны хүрээнд Үндсэн болон Салбар 2 хуралдаан зохион байгуулагдсан бөгөөд 1-р салбар хуралдаанаар дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа цар тахлын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, дархлаажуулалтын талаарх сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнгүүд, эрдэмтэн судлаачдын шинэлэг бүтээлүүдийг хэлэлцэж, коронавирусийн халдварын цар тахлын талаар нотолгоонд суурилсан шинжлэх ухааны шинэ мэдлэг бүтээж, үүгээрээ дамжуулан Монгол Улсын төр засаг, ард иргэдэд цар тахлын халдварын талаарх тэгш, хүртээмжтэй, нотолгоонд суурилсан шинжлэх ухааны шинэ мэдээллийг хүргэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болов.   АШУҮИС-ийн эрдмийн чуулган-63-д АШУҮИС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга Анагаах ухааны доктор, Профессор Н.Хүрэлбаатар “АШУҮИС-ийн Хөгжлийн Бодлого-2030”, АНУ-ын Дюкийн их сургуулийн Орчны эрүүл мэндийн сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн Профессор Грегори С.Грей “Employing a One Health Approach to Mitigate Future Pandemic Threats”, АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуулийн Лос Анжелос хотын хүүхдийн эмнэлгийн Профессор Давид Варбуртон “MIS-C: Updates From Los Angeles, USA”, Канад улсын Хатан хааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн Профессор Коллийн Дависон “The Health Impacts of The Covid-19 Pandemic for Young People”, Их Британи улсын Ангила Рускиний их сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхимийн профессор “The Impact of Covid-19 on The Global Nursing Workforce”,  АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан дэд захирал Анагаах ухааны доктор, Профессор Л.Ганболд “Коронавируст халдварын үед АШУҮИС-ийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа”, ХӨСҮТ-ийн захирал Анагаах ухааны доктор, Дэд профессор Л.Баттөр “Коронавируст халдварын тархалт, өвчлөлийн таамаглал”, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхимийн эрхлэгч, Монгол-Япон эмнэлгийн Халдварын сэргийлэлт хяналтын албаны дарга, Анагаах ухааны доктор, Дэд профессор Ч.Баттогтох “Шинэ коронавирусийн халдварын ийлдэс тархварзүйн хүн ам насны бүлэгт суурилсан судалгаа”, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч Анагаах ухааны доктор, дэд профессор Р.Оюунгэрэл “SARS-COV-2-ийн эмнэлзүйн судалгаа” сэдвүүдээр эрдэм шинжилгээний нийт 8 илтгэл хэлэлцэгдлээ.

“Эрдмийн чуулган 63”-ын 2-р салбар хуралдаанаар АШУҮИС-ийн салбар эрдмийн зөвлөлүүдээс шалгарсан 9 шилдэг эрдэм шинжилгээний бүтээлүүд хэлэлцэгдэж шилдэгүүдээ тодрууллаа.

Эрдмийн чуулганы анагаахын салбарын шилдэг илтгэлээр Б.Базарсүрэн удирдагчтай “Жирэмсний эхний гурван сарын Дауны хам шинжийн илрүүлэгт ургийн шилэн хүзүүний арын зайн шингэний хэмжилтийг ашиглах нь” Био-анагаахын салбарын шилдэг илтгэлээр Г.Чимэдлхамсүрэн удирдагчтай “Шүлсэнд SARS-COV-2-ийг илрүүлэх IN-HOUSE бодит хугацааны полимеразын гинжин урвалын оношлуурыг эмнэлзүйн сорьцод туршин, баталгаажуулсан дүн”, Нийгмийн эрүүл мэндийн салбарын шилдэг илтгэлээр Г.Энхжаргал удирдагчтай “Ковид-19 цар тахлын үеийн хөл хорио ба нийслэлийн агаарын бохирдлыг судалсан дүнгээс”, Монгол уламжлалт анагаах ухааны салбарын шилдэг илтгэлээр Г.Жаргалсайхан удирдачтай “Уламжлалт хурцын дээд-6 жорын төв мэдрэлийн системд үзүүлэх нөлөөг судалсан дүн”, Сувилахуйн салбарын шилдэг илтгэлээр Н.Түвшинбаяр удирдагчтай “Тархины саажилттай хүүхдүүдэд ясны нягт тодорхойлсон дүн”, Нүүр ам судлалын салбарын шилдэг илтгэлээр М.Батсуурь удирдагчтай “Ахизунбер бэлдмэлийн амны салстын мөөгөнцөрт өвчинд нөлөөлсөн байдлыг in vitro ба in vivo аргаар судалсан дүн”, Эм зүйн салбарын шилдэг илтгэлээр Д.Төртүших удирдагчтай “Газотрансмиттер хүхэрт устөрөгч (H2S)-ийн элэгний стеатозын үе дэх липидын солилцоонд гүйцэтгэх үүрэг болон үзүүлэх нөлөө”, Эрдмийн сургуулийн шилдэг илтгэлээр “Цусны доноруудад хувь хүний шинж төрхийн үзүүлэлтийг тодорхойлсон нь”, Анагаах ухааны боловсрол судлалын шилдэг илтгэлээр С.Булганчимэг удирдагчтай “Хөдөлмөр засал хөтөлбөрийн чанар хүртээмжийн үнэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлүүд шалгарлаа.

Энэ удаагийн эрдмийн чуулганы нэг онцлог нь Салбар эрдэм шинжилгээний хурлуудаас шалгарсан илтгэлүүдэд АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлөөс томилогдсон шүүгч нарын бүрэлдэхүүн үнэлгээ өгч, АШУҮИС-ийн 2021 оны Шилдэг судлаачдыг шалгаруулж, ТЭРГҮҮН БОЛОН ДЭД ТЭРГҮҮН байрын эздийг тодруулан цом гардууллаа. АШУҮИС-ийн 2021 оны шилдэг бүтээлээр Г.Чимэдлхамсүрэн удирдагчтай “Шүлсэнд SARS-COV-2-ийг илрүүлэх IN-HOUSE бодит хугацааны полимеразын гинжин урвалын оношлуурыг эмнэлзүйн сорьцод туршин, баталгаажуулсан дүн” сэдэвт илтгэл шалгарч ТЭРГҮҮН БАЙР, Д.Төртүших удирдагчтай “Газотрансмиттер хүхэрт устөрөгч (H2S)-ийн элэгний стеатозын үе дэх липидын солилцоонд гүйцэтгэх үүрэг болон үзүүлэх нөлөө” сэдэвт бүтээл ДЭД ТЭРГҮҮН байр эзэллээ.

АШУҮИС нь судалгаанд суурилсан их сургууль болох зорилтын хүрээнд багш нарын эрдэм судлалын ажлын эрх зүйн орчны болоод бүтэц тогтолцоо, сэтгэлгээний шинэчлэлтүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн бөгөөд багш судлаачдын судалгааны бүтээмжийг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны таатай орчинг бүрдүүлэх, судалгааны ажлын чанарыг ахиулах, тэргүүлэх судалгааны чиглэлийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний дэд бүтцийг сайжруулах, эрдэмтэн судлаачдын академик эрх чөлөөг эрхэмлэх, судлаачдыг дэмжих зорилгоор жил бүр олон улсын чансаа өндөр эрдэм шинжилгээний сэтгүүлд АШУҮИС-ийн нэрээр бүтээлээ хэвлүүлсэн багш судлаачдад их сургуулийн захирлын нэрэмжит судалгааны тэтгэлэг олгож ирсэн уламжлалтай. Энэ удаагийн эрдмийн чуулганы үеэр Scopus платформд бүртгэлтэй олон улсын чансаа өндөр сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлсэн Хариуцлагатай зохиогчийн 12, Нэгдүгээр зохиогчийн 22, Хамтарсан зохиогчийн 46 бүтээлүүд болох 80 багш судлаачдад судалгааны тэтгэлэг болох мөнгөн урамшуулал бүхий батламж олголоо. Эдгээр багш судлаачдаас төлөөлөл болгон хариуцлагатай зохиогчоор 2 эрдэм шинжилгээний өгүүлэл “Journal of clinical medicine”, “Journal of the American heart association” сэтгүүлд хэвлүүлсэн АУС-ийн дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш АУ-ны доктор Б.Оюунтөгс,  нэгдүгээр зохиогчоор 2 эрдэм шинжилгээний өгүүлэл  “Alimentary pharmacology & therapeutics” сэтгүүлд хэвлүүлсэн АУС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш АУ-ны доктор Б.Гантуяа нарт батламж, мөнгөн урамшуулал олгов.

            Мөн Эрдмийн чуулган 63 хуралдааны үеэр АУ-ны доктор, профессор Г.Батбаатар удирдагчтай “Шүлсэнд Sars-Cov-2 илрүүлэх ПГУ-ын шинэ оношлуур” бүтээсэн эрдэмтдийн баг, АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төвийг байгуулах болон үйл ажиллагааг эхлүүлэх, жигдрүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажилласан АУ-ны доктор, профессор Д.Отгонбаяр даргатай Шинжлэх ухаан технологийн газрын хамт олон АУ-ны доктор, дэд профессор Т.Хосбаяр эрхлэгчтэй Эмнэлзүйн молекул оношилгооны төвийн хамт олонд АШУҮИС-ийн хамт олны зүгээс талархал дэвшүүллээ.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ ЭРДМИЙН ЧУУЛГАН-63 ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Leave a Reply