МОНГОЛ-ЯПОНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙН менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэн, төгөлдөржүүлэх хамтарсан зохицуулах хороо хуралдлаа

АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэн, төгөлдөржүүлэх хамтарсан зохицуулах хорооны 5 дах удаагийн хурал амжилттай зохион байгуулагдаж төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээ болон шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцлээ.
Хуралд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, АШУҮИС-ийн захирал Н. Хүрэлбаатар, Монгол-Японы эмнэлгийн удирдлагууд, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), “Монгол-Японы сургалтын эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэн, төгөлдөржүүлэх төсөл”-ийн багийн гишүүд, БШУЯ, ЭМЯ, Сангийн Яам, ГХЯ-ны төлөөлөл болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү төсөл нь 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд эмнэлгийн зохион байгуулалт, удирдлага менежментийг хангаж ажиллах, өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, оношилгооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх болон эмнэлгийн яаралтай тусламжийг Монгол Улсад жишиг болохуйц өндөр түвшинд үзүүлэх зорилготой юм.