Сувилахуйн сургууль бие хамгаалах, иога, уулын алхалт, бүжгийн спортыг сонгож, хөтөлбөрөө боловсруулан, сургалтанд нэвтрүүллээ

Сувилахуйн сургууль нь сургалтын хөтөлбөрийн шинэчлэлүүдийг хийж, нэгдүгээр дамжаандаа биеийн тамирын хичээлийг олон төрөлтэй болгон зохион байгуулж байна. Бид оюутнуудынхаа хүсэл сонирхолд нийцүүлэн, гоо зүйн өв тэгш хүмүүжил олгох зорилгоор бие хамгаалах, иога, уулын алхалт, бүжгийн спортыг сонгож, хөтөлбөрөө боловсруулан, сургалтанд нэвтрүүлж байгаа нь Их дээд сургуулиудын хувьд анхдагч болж байгаа юм.

  • Бүжгийн спортыг нийтэд таниулах, хөгжүүлэх, залуусыг дэмжин сургах зорилго бүхий Moon Dance хамтлагын бүжигчин, ОУХМ багш О.Эрдэнэ-очир, Б. Халиун; АШУҮИС ийн Дэлбээ хамтлагийн гишүүн, магистр багш М.Энхбилэг нартай хамтран ажиллана.
  • Иогийн хичээлийг  Харвардын их сургуулийн Beth Israel Deaconess Medical Center -ын оюутны сургалтанд ордог Аз Жаргалын Хөтөлбөр – СКАЙ Амьсгал Бясалгал -ын техникийг  заах эрхтэй, Сэргээн засах эмчилгээний тэргүүлэх зэргийн их эмч, АУ- ны магистр, клиникийн профессор, Ц.Цэнгэлмаа эмч багшаар ажиллана.Тус спорт нь анагаах ухаан эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа хүн бүрт зайлшгүй мэдэх, мэдрэх шаардлагатай төрлийн нэг юм.
  • Бие хамгаалах спортыг Гаруда академитай хамтран зохион байгуулах ба оюутнууд 3 дэвжээнд хуваагдан, Монголын анхны жюүжицүгийн хар бүстэй тамирчин, олон улсын шүүгч О. Болд-эрдэнэ, АНУ-ын Ralph Gracie Jiu-Jitsu Berkeley академийн төгсөгч, дасгалжуулагч, Боловсрол судлалын магистр, Б.Буяндэлгэр багш нар заах болно. Манай сургуулийн оюутнуудын 90 ээс дээш хувь нь охид бүсгүйчүүд. Тэдний амьдралын урт замд хэрэгцээт чадварууд болох тэсвэр тэвчээрт сургах, өөртөө итгэлтэй харилцах, аюултай байдлаас урьдчилан сэргийлэх, түүнээс зайлсхийх, ялган таних, эрсдэлээ үнэлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах, Жюүжицүгийн мэхээр биеэ хамгаалах зэрэгт сургах зорилгоор тус спортын чиглэлийг сонгосон.
  • Уулын алхалтын спортыг АУ ны магистр, тамирчин Ц. Халиун багш заах болно. Тэсвэр тэвчээрт сургах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилго бүхий тус сургалт нь өвөрмөц бас шинэлэг сургалт байх болно.