Гадаад хэлний тэнхим түүхт 60 жилийн ой

     АШУҮИС, БиоАС-ийн Гадаад хэлний тэнхим түүхт 60 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Гадаад хэлний тэнхим нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр МУИС-ийн Анагаах Ухааны Факультетийг Анагаах ухааны дээд сургууль болгон өөрчлөн байгуулахад “Орос хэлний тэнхим” нэртэйгээр 1961 онд үүсгэн байгуулагдсанаар үндэс сууриа тавьсан түүхтэй. Тухайн үед үндэсний эмч, мэргэжилтэн бэлтгэхэд орос хэлний үүрэг асар их байсан ба ихэнх сурах бичиг орос хэл дээр бичигдсэн, эх хэл дээрхи сурах бичиг цөөн байсан тул эмч нарын орос хэлний мэдлэг чадварыг сайжруулахад тус тэнхим онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Тэнхимийн 60 жилийн ой угтсан олон бүтээлч ажлуудыг багш нар хийж гүйцэтгэсэн. 11 сарын 24-нд “The international students” conference on Medicine, Language and Culture 2021" оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурал, 12 сарын 3-нд “International Scientific Conference on Advances in Education, Teaching and Learning” олон улсын эрдэм шинжилгээний хурал тус тус зохион байгуулсан. АШУҮИС-ийн 1-р дамжааны оюутнуудад зориулсан Анагаахын англи хэл, ЭМСБ 1-р дамжааны оюутнуудад зориулсан мэргэжлийн англи хэлний сурах бичиг, IELTS 3 түвшний сурах бичиг зэрэг таван сурах бичиг бүтээж АШУҮИС-ийн Сурах бичгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан. Нагояа Их Сургуулийн профессоруудтай хамтран “Анагаах ухааны Монгол-Англи- Япон” толь бичиг бүтээх 2 төслийн ажил хийгдэж байна. 2021 оны 12 сарын 10-нд Гадаад хэлний тэнхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярын хурал зохион байгуулж үе үеийн ахмад багш нар хуран цугласан юм. Баярын хурлыг нээж Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Б.Төмөрхуяг үг хэлж, тэнхимйн өнөөгийн байдлын талаар илтгэл тавьсан. АШУҮИС – ийн Эмнэлэг хариуцсан дэд захирал Д.Цэрэндагва ойн арга хэмжээнд баяр хүргэж үг хэлэхдээ энэ тэнхимийн ой бол зөвхөн нэг тэнхимийн хүрээнд биш сургуулийн хэмжээний арга хэмжээ байх ёстой ач холбогдол бүхий үйл явдал хэмээн онцлон тэмдэглэсэн. БиоАС-ийн захирал Г.Дарамбазар баяр хүргэн үг хэлж, гадаад хэл түүний амжилтад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн тухай, мөн англи хэлийг хэрхэн сурснаа дурсан ярилаа.

     Ойн арга хэмжээний үеэр Р.Чүлтэм, Б.Цэрэнпил, Д.Намжим, Ц.Цэен-Ойдов, Г.Даваасүрэн нарын таван ахмад багш Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан. Олон жил үр бүтээлтэй ажилласан тэнхимийн ахлах багш Б.Гэрлээ, Б.Март, багш Э.Мөнх-Оргил, Т.Ундармаа, Н.Энхчимэг нар Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, ахлах багш М.Отгонбаяр, багш Д.Нарандэлгэр нар Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнууллаа. “English Training Club”, “Japanese Research and Cultural Club”, “German Club” гэсэн тэнхимийн дэргэдэх клубийн авьяаслаг оюутнууд ая дуугаа өргөв.

 

Leave a Reply

Сүүлийн бичлэг