Монгол улсын гавъяат багш УЗУ-ы доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит “АЛХАМ УРАГШ 2021” эрдэм шинжилгээний бага хурал зохиогдлоо

     Магистрант, докторант оюутнуудын судалгааны ажил бичих, хэвлэн нийтлүүлэх, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль, Молекул биологи – Удамзүйн тэнхим нь төгсөлтийн сургалтын оюутнуудын дунд жил бүр “АЛХАМ УРАГШ” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг билээ.
Монгол улсын гавъяат багш УЗУ-ы доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит “АЛХАМ УРАГШ 2021” эрдэм шинжилгээний хурал 2021 оны 12 сарын 20-ны өдөр 8 дахь жилдээ танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хурлын 1-р шатанд магистрантын 40, докторантын 7, нийт 47 илтгэл хүлээн авч 1-р шатны шүүгчдийн оноогоор шалгарсан 6 илтгэлийн 5 нь танхимаар, 1 илтгэгч хөдөө орон нутгаас цахимаар илтгэж 2-р шатны хурлаар хэлэлцүүллээ. Хурлын хүндэт шүүгчээр МУ-ын гавьяат багш УЗУ-ы доктор, профессор И.Пүрэвдорж, АУ-ы доктор, профессор Ц.Одгэрэл, АУ-ы доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр нар ажиллав.

     Зочин илтгэгчээр АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар “АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр, мөн МУ-ын гавьяат багш, Удамзүйн ухааны доктор, профессор И.Пүрэвдорж “Багш дор мөргөмүү” сэдвээр сонирхолтой лекц уншиж, олонд түгээлээ.

 

“АЛХАМ УРАГШ 2021” хурлын хэлэлцүүлгийн дүнд докторантын төрөлд “Хепатитийн дельта вирүсийн халдварыг илрүүлэх гадаргуугийн плазмон резонанс дээр үндэслэсэн оношлуурыг зохион бүтээх” сэдвээр илтгэсэн судлаач А.Номин, магистрантын төрөлд “Их таван салаа (Plantago major L.)-наас мөхлөг эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа” сэдвээр илтгэсэн судлаач Ц.Амарзаяа нарын илтгэл шалгарлаа.
Илтгэлийн хураангуйг цахимаар бэлтгэн цахимаар түгээсэн бөгөөд та дараах линкээр орж танилцах боломжтой.
(https://molekulbiology.blogspot.com/2021/12/2021.html)

    “АЛХАМ УРАГШ 2021” эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж оролцсон Ц.Халиун захиралтай “Аялуун фарм” ХХК, Б.Энэрэл захиралтай “Антиген” ХХК, Г.Чимэлхамсүрэн захиралтай “Гарааны си фор эй”, С.Арнабек захиралтай “Алтан жор” эмнэлзүйн лабораторийн хамт олон болон АУ-ы доктор, дэд профессор Ж.Жамбалдорж багш нартаа гүн талархал илэрхийлье.

      Онгод билгээ нээж алхам алхмаар урагшлагтун! Өмнө чинь шинжлэх ухааны ариун дагшин сүм үүдээ нээн хүлээж байна.

Эв эе, эрч хүч

Эх хэл, өв соёл

Эрдэм ухаан

Хөгжлийн үндэс!

 

МУ-ын гавьяат багш, доктор, профессор И.Пүрэвдорж

Хурал зохион байгуулагч:
АШУҮИС, Био-Анагаахын сургууль
Молекул биологи – Удамзүйн тэнхим

Leave a Reply