Микробиологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, багш, судлаачдийн оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, судалгааны үр дүнгээ хуваалцах, мэдээлэл солилцох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд зорилгоор Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Эмнэлзүйн Молекул Оношилгооны төв, Биокомбинат УТҮГ, Мал Эмнэлгийн Эмийн Сорилт, Баталгаажуулалтын Улсын Лаборатори хамтран “МИКРОБИОЛОГИ-2022” эрдэм шинжилгээний хурал 2022 оны 01 сарын 21-ний өдөр GOOGLE.MEET платформ ашиглан цахим хэлбэрээр анх удаа амжилттай болж өнгөрлөө. Ивээн тэтгэгч байгууллагуудаар Гялс Био ХХК тэжээлт орчны үйлдвэр болон ЗАНАА СПЕКС ХХК хамтран ажиллаа.
Хурлыг нээж Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал О.Баатарцогт, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Эмнэлэг хариуцсан дэд захирал Д.Цэрэндагва нар үг хэлэв.
Тус хуралд микробиологийн чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл явуулдаг их дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, багш, судлаачид дараах сэдвүүдийн хүрээнд 22 орчим илтгэл хэлэлцүүлж, судалгааны ажлын хүрээнд санал, солилцож туршлага судаллаа. Үүнд:
- Хөрс, ой, хөдөө аж ахуйн микробиологи
- Хүрээлэн буй орчны микробиологи
- Усны микробиологи
- Хүнсний микробиологи
- Үйлдвэрлэлийн микробиологи
- Анагаахын микробиологи
- Мал эмнэлгийн микробиологи
- Хэрэглээний микробиологи, биотехнологи
- Микроорганизмыг ферментацийн технологид ашиглах
- Микроорганизмыг хоол хүнс үйлдвэрлэлд ашиглах асуудлууд
- Хүнсний бүтээгдэхүүнээр дамжих өвчин
- Хүнсийг микроорганизмын бохирдол, халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх
- Сүү, Сүүн бүтээгдэхүүний микробиологи
- Микроорганизмыг хянах ажиллагаанд ашигладаг физик, химийн хүчин зүйлс
- Микроорганизмын генетик ба ген удамших зүй тогтол
- Микроорганзмын бодисын солилцоо болон молекул биологи
- Вирусологи
- Микроорганизмын экологи
- Хүнсний микробиологийн шинжилгээний аргууд
- Микроорганизмын үйлдвэрлэлийн омог гарган авах, хадгалах арга
- Вакцин үйлдвэрлэл
Хурлын шүүгчээр ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, Доктор Т.Уянгаа, АШУҮИС-ийн багш, доктор Г.Өлзийжаргал, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, Доктор З.Эрдэнэ нар ажиллаж, оноогоор байр эзлүүлэн эхний 3 байр, тусгай байр 2 шилдэг илтгэгчдийг шалгаруулсан. Үүнд:
Тэргүүн байр
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Халдварт өвчин судлалын үндэсний төв П.Түмэндэмбэрэл, Т.Хосбаяр, Б.Жүгдэржав, Н.Амарбаясгалан, С.Сарангэрэл, Г.Ичинхорлоо, Л.Уранчимэг, Б.Даариймаа, Б.Энхжин, Д.Нямаахүү, Л.Мөнх-Эрдэнэ, “Молекул биологийн аргаар БЗДХ-ыг илрүүлэх шинжилгээг жирэмсний хяналтын шинжилгээнд нэвтрүүлэх асуудал”
Дэд байр
Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, БНХАУ-ын Yangzhou их сургууль, Мал Эмнэлгийг хүрээлэн, Ш.Гансүх, Р.Одбилэг, Ye Jianqiang, “Хонь, ямааны цэцэг өвчний вурисын Р32 уургаар дан язгуурын эсрэг бием бэлтгэн туршсан дүн”
Гуравдугаар байр
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Р.Оюунчимэг, Б.Отгонбаяр, Т.Хосбаяр, “Эмнэлзүйн сорьцоос өсгөвөрлөгдсөн Acinetobacter baumannii–ийн антибиотикт мэдрэг чанарыг харьцуулсан судалгаа”
Тусгай байр
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Б.Энхжин, П.Түмэндэмбэрэл, Т.Хосбаяр, Г.Болдмаа, Д.Нямаахүү, Л.Мөнх-Эрдэнэ “Жирэмсний хяналтанд байгаа эмэгтэйчүүдийн дундах улаанбурхан, улаанууд өвчний дархлаа тогтоцыг тодорхойлох судалгаа”
Тусгай байр
ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Э.Пүрэвдулам, Б.Сарантуяа “Зарим хагас боловсруулсан махан бүтээгдэхүүний нянгийн бохирдлын судалгаа” сэдэвт илтгэлээр тус тус шалгарав.
Эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүдийг гэрчилгээ, мөнгөн шагналаар урамшуулсан юм.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон бүх эрдэмтэн, багш, судлаач та бүхний цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.