Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Cургуулийн үүсэж байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан “БАГШ- ШАВИЙН” эрдмийн чуулга уулзалт, дорнын их говиос эхэллээ

“БАГШ- ШАВИЙН” ЭРДМИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ 2022 оны 3 сарын 5-ны өдөр Дорноговь аймагт зохион байгууллаа.

Багш шавийн эрдмийн чуулга уулзалтаар АШУҮИС-ийн Монгол улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, анагаахын шинжлэх ухааны эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийн ололт амжилт, инновацыг эмч, эмнэлгийн мэргэжилтэнд түгээн дэлгэрүүлэх, төгсөгчдийн ажлын байран дахь тасралтгүй сургалтыг зохион байгуулж, багш шавийн нандин холбоог бэхжүүлж, орон нутгийн ард иргэдэд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.

Багш шавийн уулзалтын үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтад МУ-ын гавьяат багш, доктор, профессор Н.Сүмбэрзул хүндэтгэлийн лекц уншиж, хөдөө орон нутгийн захиалгаар АШУ-ны доктор, профессор Д.Цэдэндавга, доктор, профессор Д.Зулгэрэл, доктор, профессор З.Хишигсүрэн, доктор, дэд профессор Д.Бямбасүрэн, доктор, дэд профессор Б.Солонго, доктор Э.Ганбат, сувилахуйн шинжлэх ухааны магистр Н.Цэцгээ  нар лекц уншиж, мэргэжлийн зөвлөгөө өглөө.

Сургалтад Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, 14 сумын эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг, АШУҮИС-ийн Дорноговь аймгийн салбар сургуулийн 300 гаруй  багш, эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцов.

Мөн хөдөө орон нутагт үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч, сувилагч нарыг Монгол Улсын засгийн газрын шагнал, АШУҮИС-ийн шагнал, Төгсөгчдийн холбооны шагналаар шагнаж урамшууллаа. Сургуулийн удирдлагууд Дорноговь аймгийн АУС-ийн багш, ажилчидтай уулзаж, Мандах наран эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

 

Сүүлийн бичлэг