mn
mn

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-64”Эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн 80 жилийн ойд зориулсан “ЭРДМИЙН ЧУУЛГАН-64” эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хуралдаанд “ЭРДМИЙН ЧУУЛГАН-64” салбар хуралдаануудаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлж 2021 оны Шилдэг судлаачдыг шалгаруулж, ТЭРГҮҮН БОЛОН ДЭД ТЭРГҮҮН байрын эздийг тодруулан цом гардуулав. АШУҮИС-ийн 2021 оны шилдэг бүтээлээр Анагаах ухааны сургуулийн Нүд судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Д.Уранчимэгийн “Чихрийн шижингийн ретинопатийн тархалт, оношилгоо эмнэлзүйг судалсан үр дүн” сэдэвт илтгэл шалгарч ТЭРГҮҮН БАЙР, Эрдмийн сургуулийн Эрүүл мэндийн судалгааны тэнхимийн багш Анагаах ухааны доктор Ц.Сарнайгийн “Монгол улсын лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн мэдээллийн системийн чанарыг харьцуулан судалсан дүн” сэдэвт бүтээл ДЭД ТЭРГҮҮН байр тус тус эзэллээ.
АШУҮИС-ийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-64” эрдмийн баярт нийт 639 эрдэм шинжилгээний илтгэл ирүүлснээс 194 илтгэлийг салбар хуралдаануудад хэлэлцүүлж, 9 салбар тус бүрээс эхний 10 байрт шалгарсан 90 гаруй шилдэг илтгэл, эмнэлзүйн тохиолдол бүхий “Эрдмийн чуулган-64” илтгэлийн эмхтгэл, 28 шилдэг эрдэм шинжилгээний өгүүллээс бүрдсэн “ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААН“ сэтгүүлийн тусгай дугаарыг хэвлүүлэн багш, судлаачдын хүртээл болгов.
2021 онд АШУҮИС-ын эрдэмтэн багш, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаачид Elsevier компанийн “SCOPUS” олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй Эрдэм шинжилгээний сэтгүүлд нийт 103 бүтээл хэвлүүлсэн. Үүнд: Хариуцлагатай зохиогчоор 27, Нэгдүгээр зохиогчоор 12, Хамтарсан зохиогчоор 41 бүтээл тус тус хэвлүүлсэн байна. Дээрх 103 бүтээлийг хэвлүүлсэн 80 багш судлаачдад бүтээлийн урамшуулал болон батламжийг олгов.
АШУҮИС-ийн магистр, докторын сургалтанд амжилттай суралцаж буй суралцагсдын судалгааны ажлыг дэмжин, 7 докторант, 10 магистрантуудад АШУҮИС-ийн захирлын нэрэмжит судалгааны тэтгэлэг олгов.
“Эрдмийн чуулган-64” илтгэлийн эмхтгэлийг энд дарж хүлээн авна уу https://online.fliphtml5.com/lluzx/hrcj/#p=1
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААН“ сэтгүүлийн тусгай дугаарыг энд дарж хүлээн авна уу. https://online.fliphtml5.com/lluzx/chtu/#p=1

Leave a Reply