Багш шавийн эрдмийн уулзалт баруун хязгаарт амжилттай зохион байгуулагдлаа

“БАГШ- ШАВИЙН” ЭРДМИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ 2022 оны 6 сарын 7-ны өдөр Баян-Өлгий аймагт, 6 сарын 8-ны өдөр Увс аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Уг эрдмийн чуулга уулзалтын хүрээнд АШУҮИС-ийн Монгол улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, анагаахын шинжлэх ухааны эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийн ололт амжилт, инновацыг эмч, эмнэлгийн мэргэжилтэнд түгээн дэлгэрүүлэх, төгсөгчдийн ажлын байран дахь тасралтгүй сургалтыг зохион байгуулж, багш шавийн нандин холбоог бэхжүүлж, орон нутгийн ард иргэдэд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан АШУҮИС-ийн багш нарыг хүлээн авч, Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, харилцан ажиллах чиглэлийг ярилцлаа. Багш шавийн уулзалтын үеэр АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
Увс аймгийн Багш шавийн уулзалтын үеэр АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар, Увс аймгийн орлогч дарга Ж.Александр, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Алимаа нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтад МУ-ын гавьяат багш, Академич, АУ-ны доктор, профессор Г.Батбаатар хүндэтгэлийн лекц уншиж сургалтын нээлтийг эхлүүллээ. Төрийн соёрхолт, МУ-ын Хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн, МУ-ын Хүний гавьяат эмч, клиникийн профессор А.Эрдэнэбилэг, АУ-ны доктор, дэд профессор Л.Тулгаа, АУ-ны доктор А.Тунгалагсувд, АУ-ны магистр М.Бадрах, АУ-ны магистр Т.Ахыт нар сургалт хийж, мэргэжлийн зөвлөгөө өглөө. Сургалтад Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, 21 сумын эмнэлэг, өрхийн эмнэлгүүд, бүх хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцов. Мөн хөдөө орон нутагт үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч, сувилагч нарыг шагнаж урамшууллаа. Сургуулийн багш нар нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, дотрын тасгийн үйл ажиллагаатай танилцаж зөвлөгөө өглөө. Профессор О.Сэргэлэн мэс заслын чиглэлээр үзлэг хийж зөвлөгөө өгөх, М.Бадрах багш дурангийн үзлэг хийх зэргээр ажиллалаа.
  
Ийнхүү Баян-Өлгий, Увс аймгийн багш шавийн уулзалт өндөр үр дүнтэй боллоо.

Leave a Reply

Сүүлийн бичлэг