mn

АШУҮИС-ийн МАУОУС, ТАИС-ийн Уламжлалт анагаахын засалч хөтөлбөр хэрэгжүүлэгч талууд Олон улсын хамтарсан хөтөлбөрийн хөгжил сэдэвт симпозиум зохион байгууллаа

Японы ТАИС-ийн Жүдо бариа заслын тэнхимийн эрхлэгч  профессор Хашимото Нобүрү, ТАИС-ийн Жүдо бариа заслын тэнхимийн багш АУ-ны доктор, профессор Күмэ Нобуёши нар АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ойн босгон дээр хүрэлцэн ирж, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуультай хамтран хэрэгжүүлдэг “Уламжлалт анагаахын засалч” мэргэжлийн хамтарсан хөтөлбөрийн хөгжлийн талаар, эмнэлзүйн сургалт явуулж, одоогийн суралцагчид, төгсөгчдөд мэргэжлийн үнэ цэнийг таниулах сургалт зохион байгууллаа.

Симпозиумын өмнө АШУҮИС-ийн Захирал Н.Хүрэлбаатар Японы Токио Ариаке Их Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон АШУҮИС-ийн 80 жилийн ойн медаль гардууллаа.

2016 онд 2 их сургуулийн хамтарсан “Уламжлалт анагаахын засалч” хөтөлбөр нээгдсэнээр өдгөө 3 удаагийн төгсөлт хийж, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 6 сарын 23-ны өдрийн A/405 тушаалаар Уламжлалт анагаахын засалч албан тушаалын тодорхойлолтыг баталж, эдгээр мэргэжилтнүүд нь улсын болон хувийн эмнэлэг, МАУТЭмнэлэгт жүдо, хөл бөмбөг, чөлөөт бөхийн үндэсний шигшээ, хөл бөмбөгийн багуудад мэргэжлээрээ ажиллаж спортын салбарт дутмаг байсан орон зайг нөхөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх эрхзүй нь нээгдсэн. Энэхүү хамтарсан хөтөлбөр өргөжин тэлж Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны салбар сургуульд шинээр элсэлт авч эхэлсэн анхны төгсөлтөө хийгээд байна. МАУОУС-ийн 3 төгсөгч ТАИС-ийн төгсөлтийн сургалтын элсэлтийн шалгалтад амжилттай тэнцэж, 100%-ийн тэтгэлгээр 2020 оны 4 сараас магистрантурт суралцаж байна.

Симпозиумын үеэр МАУОУС-ын захирал АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш нээн үг хэлж, Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх, ТАИС-ийн Жүдо бариа заслын тэнхимийн эрхлэгч Хашимото Нобүрү нар үг хэлж, сургалтын үйл ажиллагаа, Япон багш нар эмнэлзүйн дадлага хийн, цаашдын хамтын ажиллагаа, хэтийн төлөв оюутан солилцоо, эрдэм шинжилгээний ажлуудын талаар хэлэлцүүлэг явуулсан өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Leave a Reply