mn
mn

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ, ХАМГААЛАХ ЦОГЦ СУДАЛГААНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилттэй “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах цогц судалгаа”-г Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэн 2022 оны 2-р улиралд хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах, нотолгоо мэдээллийг цаашдын бодлого шийдвэрт тусгах асуудлыг хэлэлцэх хурлыг  БШУЯ, ЭМЯ-ны холбогдох газруудтай хамтран 2022 оны 11 сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Хурлын үеэр Нийслэлийн ЕБС-дын хоол үйлдвэрлэлийн газрын эрүүл ахуй, “Үдийн хоол”-ны илчлэг, шимт бодисын агууламж, сургууль орчмын хүнсний бүтээгдэхүүний худалдаа, анги танхимын дотоод орчны агаарын чанар, бичил цаг уурын байдал, ширээ сандлын стандарт тохироо, сурагчдын сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл мэндийн дадал зуршлын үнэлгээ зэрэг чиглэлээр 4 зорилт 15 бүлэг ажлын үр дүнг танилцуулав. Хуралд БШУЯ-ны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, БШУЯ-ны хоол тэжээл хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, Л.Пүрэвдулам, Хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн А.Энэрэл, амны хөндийн эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Б.Дөлгөөн болон төслийн удирдагч АУ-ны доктор, профессор Д. Даваалхам, НЭМХ-ийн захирал ТУ-ын доктор, дэд профессор Л. Хоролсүрэн, НЭМС-ийн тэнхимийн эрхлэгчид, судалгааны багийн ахлагчид, багш нар оролцон харилцан санал солилцож, цаашид хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Тухайлбал, судалгааны гол үр дүн, зөвлөмжүүдийг БШУЯ-ны сайдын зөвлөлийн 11 сарын 28-ны хурал, салбар дундын хуралд тус тус танилцуулах, судалгааг өргөжүүлж ЭМЯ-тай хамтран ЭМ-ийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр 2023 онд хэрэгжүүлэх, ЕБС-ийн “Үдийн хоол”-ны төсөвийн шинэчлэл, холбогдох журмуудад өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцов.

Leave a Reply

Сүүлийн бичлэг