mn
mn

ОЮУНЫ ӨМЧИЙН БҮРТГЭЛ, МЕНЕЖМЕНТ СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 102 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологийн газар хамтран “Оюуны өмчийн бүртгэл, менежмент” сэдэвт семинарыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.  Тус семинарт Оюуны өмчийн газрын ахлах шинжээч Б.Одгэрэл “Оюуны өмчийн хууль тогтоомжийн шинэчлэл”, Патент мэдүүлэх, патент олгосны дараах хуулийн зохицуулалт” сэдвийн хүрээнд багш, судлаачдын судалгаа боловсруулалтын ажлын үр дүнгээр баталгаажсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг патентжуулах болон бүтээлийн хайлт хийх, хэзээ, хэрхэн патентийн мэдүүлгийг гаргах, оюуны өмчөөр бүртгэгдэж хамгаалагдсан патентийг эдийн засгийн эргэлтэнд оруулж үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх арга замуудын талаар практик зөвлөмж, мэдлэг олгосон чухал агуулгыг хүргэлээ.

Мөн оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн ахлах мэргэжилтэн Г.Ууганцэцэг “Зохиогчийн эрхийн хуулийн шинэчилсэн найруулга, анхаарах асуудлууд” сэдвээр сургалт явуулж, зохиогчийн эрх мэдүүлэх бүтээлүүдийн төрлүүд болон ном сурах бичигт байгууллагын барааны тэмдэгт ашиглах, орчуулгын бүтээлүүдэд зохиогчийн эрх авах боломж, бүтээлийн хуулбарлалтыг шалгах, үнэлэх  талаар багш, судлаачдын сонирхсон асуултанд хариуллаа.

Сургалтанд оролцсон багш, судлаачид энэ өдрийн сургалтаар өгөгдсөн мэдээллүүд эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгээр туурвисан бүтээлээ оюуны өмчөөр бүртгүүлж, хамгаалуулах ач холбогдлын талаар мэдлэг олгосон, үнэ цэнэтэй  сургалт болсныг сургалтын төгсгөлд илэрхийллээ.

Семинарыг Шинжлэх ухаан технологийн газрын дарга АУ-ны доктор, профессор Д.Отгонбаяр  хааж “Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хэмжээнд Шинжлэх ухаан технологийн газарт багш, судлаачдын оюуны өмчийн бүртгэлтэй мэдээллийн санг үүсгэн, түүнийг бүртгэлжүүлэх тогтолцоог бий болгож байгааг танилцуулж, цаашид эдийн засгийн эргэлтэнд оруулах, мэдлэгийн менежмент хийх боломжийг эрэлхийлэх, багш судлаачдад оюуны бүтээлээ  хамгаалуулах, үнэлгээ хийлгэх, бүтээлийн хулгайд өртөх эрсдэлээс сэргийлэхэд ач холбогдол бүхий мэдлэг мэдээлэл өгсөн чухал сургалт болсныг дурьдаж, АШУҮИС-ийн урилгыг хүлээн авч, сургалт зохион байгуулсан Оюуны өмчийн газрын ахлах шинжээч, мэргэжилтнүүдэд талархал дэвшүүлж, багш судлаачдынхаа эрдэм шинжилгээний ажилд амжилт хүслээ.

“Оюуны өмчийн бүртгэл, менежмент” семинар нь их сургуулийн судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны бүтээл туурвигч нарт тулгарч буй асуудлаар практик зөвлөгөө өгсөн үр дүнтэй сургалт боллоо.

Leave a Reply

Сүүлийн бичлэг