mn
mn

ЭМГЭНЭЛ

ГАНЖААГИЙН ЖАМБА
(1927-2022 ОН)
Монгол улсын гавьяат багш, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалах яамны 1-р орлогч сайд асан, АУДэС-ийн болон АУИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ганжаагийн Жамба 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсролын салбарт хүнд гарз тохиолоо.
Цорос овогтой Ганжаагийн Жамба 1927 онд Увс аймгийн Хяргас сумын нутаг Байшинт хэмээх газар малчин ард эцэг Ганжаа, эх Булган нарын 6 дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр 1931-1937 онд Дэжээлэнгийн хүрээнд төвд ном заалгахын зэрэгцээ ардын төрөөс байгуулсан дугуйланд монгол бичиг, латин үсэг сурч, улмаар 1939-1940 онд Хяргас сумын бага сургууль, 1941 онд Улаангомын дунд сургуульд суралцаж, мөн оны 6,7-р сард Ховд хотод бага ангийн багш бэлтгэх 2 сарын семинарт сууж, бага сургуулийн багшаар төрөлх сумандаа томилогдон ажилласан байна.
Монгол Улсын Университетийн Хүн эмнэлгийн факультетын бэлтгэл ангийг 1945-1947 онд, Хүний их эмч мэргэжлээр 1947-1952 онд тус тус суралцаж төгссөн. 1952-1954 онд МУИС-ийн Мэс заслын тэнхимд ассистент багш, орлогч декан, 1954-1957 онд ЗХУ, Москва хотын Н.Ф.Гамалейн Хүрээлэнгийн аспирант, 1957-1961 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн Микробиологи, халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч, 1961-1966 онд АУДэС-ийн Микробиологи-Эпидемиологийн тэнхимийн эрхлэгч, 1966-1968 онд Хичээл ангийн эрхлэгч, 1968-1973 онд Сургалт, эрдэм шинжилгээ, хүмүүжлийн ажил эрхэлсэн проректор, 1973-1987 онд БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны 1-р орлогч сайд, Улсын ариун цэвэр, халдвар судлал, байцаан шалгах ерөнхий газрын дарга, Улсын ариун цэврийн Ерөнхий байцаагч, 1987-1992 онд АУДэС-ийн Захирал, 1992-1995 онд АУИС-ийн Захирал, 1995-2004 онд ЭМШУИС-ийн Бичил амь, Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, 2004-2007 онд ЭМШУИС-ийн Захирлын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
Нэрт эрдэмтэн Г.Жамба 1957 онд ЗСБНХУ-ын Москва хотод Анагаах ухааны академийн Н.Ф.Гамалейн нэрэмжит хүрээлэнд “Действие хемотерапевтических вешеств на дизентерийные бактерии Ньюкестл в эксперименте” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. 1963-1965 онд Чехословак Улсын Прага хот дахь Эпидемиологи-Микробиологийн хүрээлэн, Югослав Улсын Белград, Загреб, Люблян хотын Вирус судлалын лабораториудад Вирусологичийн мэргэшил эзэмшсэн байна. 1965 онд Дэд профессор, 1969 онд Профессор, 2012 онд ЭМШУИС-ийн Хүндэт профессор цол тус тус хүртсэн.
Профессор Г.Жамба нь их, дээд сургуулийн оюутан, эмч, мэргэжилтэнд зориулсан ном, сурах бичиг 26, орчуулгын ном, зохиол 10, эрдэм шинжилгээний өгүүлэл 180-ийг туурвиж, мэргэжлийн стандарт 300 гаруйг боловсруулж, боловсролын болон ШУ-ны доктор 8, магистр 20 гаруйг удирдаж хамгаалуулсан нэр хүндтэй сурган хүмүүжүүлэгч юм. Монгол Улсад орчин цагийн анагаах ухаан хөгжихөд болон төрөлх монгол хэлээрээ микробиологи, вирусологийн нэр томьёог зохиоход жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.
Сайд Г.Жамба 1980 оноос вирус судлалын лабораторийг өөрийн оронд байгуулах санал дэвшүүлж, барилгын зургийн загварыг гаргаж, дотоод тоноглолыг тэр үеийн Ардчилсан Герман Улсад захиалан хийлгэж, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын Институтын дэргэд байгуулсан нь одоогийн Вирусологийн төв лаборатори, 1980-2000 онд халдварт өвчний оношилгоо, сэргийлэлтийн хэд хэдэн лаборатори болон Халдварт өвчин судлалын эмнэлэг байгуулах санаачилга гарган гар бие оролцжээ.
Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Жамба 1989-1995 оноос АУДэС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга, гишүүн, БНМАУ-ын Эрдмийн цол зэрэг олгох Дээд зөвлөлийн гишүүн, БНМАУ-ын Төрийн шагнал олгох хорооны гишүүн, Улаанбаатар хотын Ардын хурлын депутат, 2007 оноос АНУ-д Олон улсын Номзүйн хүрээлэнгийн Судалгааны холбооны орлогч захирлаар тус тус сонгогдсон байна.
Профессор Г.Жамба нь нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч төдийгүй өндөр ур чадвартай, шилдэг удирдагч байлаа. Монгол Улсын төр, нийгэм, эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсролын салбарт оруулсан түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж 1965 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1971 онд Алтан гадас одон, БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны “Эмнэлгийн сайчуул”, 1981 онд Ардын Хувьсгалын 60 жилийн ойн медаль, 1989 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 1990 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1994 онд БСШУЯ-ны Хүндэт дэвтэрт нэрийг алдаршуулсан, 1999 онд Монгол Улсын Гавьяат багш цол олгожээ.
Их багштан Г.Жамбын үйлс бүтээлийг өөрийн орон төдийгүй олон улс үнэлэн 1975 онд ЗСБНХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны “Эрүүлийг хамгаалахын онцчуул”, 1980 онд ЗСБНХУ-ын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2006 онд АНУ-д төвтэй Олон улсын Номзүйн хүрээлэнгээс “Оны хүн”-ээр өргөмжилсөн байна.
Монгол Улсын Гавьяат багш, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, профессор Г.Жамбын хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, эгэл даруу, хүнлэг зан чанар нь эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсролын салбарын удирдлага, мэргэжилтнүүд, олон мянган шавь, хамтран ажиллагсдын сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.
АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

Leave a Reply

Сүүлийн бичлэг