Төгсөлтийн дараах сургалтад суралцаж буй суралцагч, судлаач эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эмнэл зүйн судалгааны үр дүнг танилцуулах, нотолгоонд суурилсан үр дүнтэй сургалтын үйл ажиллагаа, чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, эмнэлэг сургууль, эрдэм шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “СУДЛААЧ-XXI” эрдэм шинжилгээний хурал 21 дэх удаа зохион байгуулагдаж 160 гаруй судлаачид оролцов.
Хуралдааныг АШУҮИС-ийн захирал, АУ-ы доктор, профессор Н.Хүрэлбаатар нээж хүрэлцэн ирсэн эрдэмтэн профессор, эмч судлаачдад хандан эрдмийн баярын үйл ажиллагаанд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ.
Хуралдааны зочин илтгэгчээр Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндавга “Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл танилцуулав.
Тус хуралдаанд нийт 100 гаруй бүтээл ирснээс, шилдэг 5 илтгэл, 5 эмнэл зүйн тохиолдлыг хэлэлцүүлж шилдэгүүдээ шалгарууллаа.
Судлаач-XXI эрдэм шинжилгээний хуралдааны шүүгчдээр АУ-ны доктор, профессор А.Товуудорж, АУ-ны доктор, дэд профессор Д.Гантуяа, АУ-ны доктор Б.Отгонбаяр нар ажиллалаа.
Х.Дөлгөөнмөрөн нарын Костены хам шинжийн эмгэг, шүдний согог, шүдний эгнээний деформацийн хамаарал түүнийг оношлох, эмчлэх арга зам сэдэвт илтгэл, С.Хүүхэндүү нарын Хөхний цоргоны цөмлөн түрсэн өмөнг хиймэл оюун ухаанаар баталгаажуулсан эмнэл зүйн тохиолдол тус тус шилдгээр шалгарлаа.
“Судлаач-XXI” эрдэм шинжилгээний хуралдааныг зохион байгуулахад идэвхитэй оролцсон эрхэм илтгэгчид, судлаачид, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, нийт оролцогчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрдмийн их ажилд нь амжилт хүсье.