Эм зүйн сургуулийн эм шинжилгээний лаборатори 6 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ

Эм зүйн сургуулийн Эмийн хими, ургамал судлалын тэнхимийн дэргэдэх Эмийн химийн лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэн эм зүйн сургалт, судалгаа, эм шинжилгээний чиглэлээр ажиллах зориулалттай Эм шинжилгээний лабораторийг ЭМШУИС-ийн захирлын 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/21 тоот тушаалаар байгуулснаас хойш тус лаборатори 17 жил үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын итгэмжлэх тогтолцооны дагуу хими, хими физик, физикийн аргаар сорилт туршилт явуулахаар 2004 онд анх магадлан итгэмжлэгдсэн тус лаборатори СХЗГ-ын Итгэмжлэлийн техникийн хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн хурлаар 6 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ.

    Тус лаборатори байгуулагдсанаасаа хойш эмийн зах зээл дэх эх орны болон импортын зарим эмийн түүхий эд, эм бэлдмэлд химийн шинжилгээ хийж ирсэн бол 2015 оноос эхлэн химийн шинжилгээнээс гадна эм, эмийн түүхий эд, эмийн бэлдмэлд микробиологийн шинжилгээ хийж эхлэн, эмийн ургамал, эмийн түүхий эд, бүтээгдэхүүний бүрэн шинжилгээг хийх болсон. Эм шинжилгээний лабораторид эм зүйн ухааны магистр, докторын зэрэгтэй, тус сургуульд 2-30 жил багшилж буй дадлага туршлагатай шинжлэгч/багш нар ажиллаж байна.