АШУҮИС цахим сургалтын тухай

АШУҮИС нь 2003 оноос сургалтандаа цахим технологийг нэвтрүүлж эхэлсэн ба 2015 онд Цахим сургалтын төв болон ОУСИС-ийг байгуулан цахим сургалтын системийг сургалтын бүх түвшинд ашиглан одоог хүртэл хөгжүүлж байна. Коронавируст (Covid 19) халдвар дэлхийд тархаж, улс даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хорио цээр тогтоосонтой холбоотой боловсролын байгууллагын танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарсан. АШУҮИС нь тус шийдвэрийг үндэслэн, 2019 – 2020 оны хичээлийн жилийн 2-р улирлын танхимын хичээлүүдийг 2020 оны 01-р сарын 27-оос эхэлж 02-р сарын 10-ны өдрүүдэд цахим хэлбэрт шилжүүлэн бэлтгэж, 2-р сарын 10-наас эхлүүлсэн.

   Тус хугацаанд АШУҮИС-ийн цахим сургалтын системд 600 орчим хичээлийн 6 500 гаруй видео болон бусад материал, контентуудыг бэлтгэж байршуулсан байна. Хөл хорионы дэглэм сунгагдсантай холбоотойгоор 03-р сараас эхлэн google suite, google classroom ашиглан 11 000 хэрэглэгчийн мэдээлэл, бүлгийн 600 орчим хаягийг шинэчлэн дадлагын хичээлүүдийг эхлүүлсэн. Төгсөлтийн өмнөх сургалтаар бэлтгэгдэж буй 30 мэргэжлийн 20 000 орчим цагийн дадлагыг google classroom ашиглан зохион байгуулж байна.

  2019 – 2020 оны хичээлийн жилийн 2-р улирлын хичээл эхэлснээс хойш АШУҮИС-ийн цахим сургалтын системд 9 795 хэрэглэгч давхардсан тоогоор 400 000 удаа хандаж, өдөрт дунджаар 3 200 хэрэглэгч, 200 000 хуудас дуудаж, нэг хуудас үзсэн дундаж хугацаа 10 минут 12 секунд, нэг агшинд холбогдож буй хэрэглэгчийн тоо 150±50 байна. Системд хандаж буй хэрэглэгчдийг төхөөрөмжөөр нь ангилж үзвэл 56.8 хувь нь компьютер, 42.6 хувь нь гар утас, 0.5 хувь нь таблет төхөөрөмж ашиглан хандаж байна.

   АШУҮИС-ийн оюутны цахим шуудангийн хаягаар 2020 оны 02-р сарын 01-ээс 04-р сарын 27-ны өдрийн байдлаар 3.7 сая цахим шуудан илгээгдэж, 378 802 файл солилцож, 8 251 видео уулзалт зохион байгуулагдсан байна.

    АШУҮИС-ийн багшийн google classroom хаягаар 1 891 цахим анги үүсгэгдэж, багш нар 36 749, оюутнууд 7 085 пост бичиж харилцжээ.