Эрхэм Таныг 60 жилийн баялаг түүхтэй, АШУҮИС-ийн харьяа Нүүр Ам Судлалын Сургуулийн цахим хуудсанд тавтай зочлохыг хүсэхийн ялдамд Та өөрийн хүсэл мөрөөдлийн алтан түлхүүрээ итгэлтэйгээр атгаж, ирээдүйн амьдралынхаа алтан хаалгаа нээх сэтгэлийн галыг асаах болтугай хэмээн чин сэтгэлээсээ ерөөе! Та манай цахим хуудаснаас сонирхсон зүйлдээ бүрэн дүүрэн хариулт авахын сацуу бидний зорилго чиглэл, үйл ажиллагааны талаар хангалттай мэдээлэлтэй болох билээ. Манай Нүүр Ам Судлалын Сургуулийн суурь анх 1961онд тавигдснаас хойш өдгөө 60 жилийн турш дэлхийн чиг хандлага, хүний нийгмийн захиалга, шаардлагын дагуу тасралтгүй хөгжин дэвжсээр Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлж, үндэсний боловсон хүчинг чанартай бэлтгэх чухал зорилтыг тавьж, амжилттай ажилласаар байна. 2001онд АШУҮИС-ийн захирал Лхагвасүрэнгийн тушаалаар бие даасан, их сургуулийн тогтолцоотой, төрөлжсөн нарийн мэргэжлийн НАССургуулийг байгуулснаар оюутан сурагчдын сургалт аргазүй, гардан хийх дадлагын чанарт өгсрөнгүй дэвшил гарч, тэдэнд дэлхийн түвшний мэдлэг, мэргэжлийг эзэмшүүлэх таатай орчин бүрдсэн билээ. Бие даасан, их сургуулийн тогтолцооны хамгийн чухал үзүүлэлт нь дэлхийн жишигт нийцсэн НАСС-ийн дэргэдэх төв эмнэлгийг байгуулсан явдал юм. Энэ нь суралцагч оюутнуудын сургалт-эрдэм шинжилгээ-эмнэлзүйн үйл ажиллагааны цогц нэгдлийг хангаад зогсохгүй хүн амын дунд зонхилон тохиолдох шүд эрүү нүүр орчмын өвчин эмгэг, согог гажгийн судалгааг хийж, үүнд суурилсан урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээний асуудлуудыг шийдэх өндөр хүчин чадал бүхий сургалтын бааз суурийг бүтээсэн нь бидний хамгийн давуу чанар билээ. Үүний дүнд эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан орчинд зөвлөх зэрэгтэй, нарийн мэргэшсэн профессоруудын удирдлага дор оюутнуудыг дадлагажуулж, сургалтын чанарыг улам бүр дээшлүүлснээр ирээдүйн чадварлаг боловсон хүчинг бэлтгэх үйл явц амжилттай хэрэгжсээр байна. НАСС нь 7 тэнхим, сургалт-эрдэм шинжилгээний 1 институттэй, 30 гаруй эрдэмтэн, багш нарын бүрэлдхүүнтэй төдийгүй багш нарын 94% нь АУ-ны Доктор цолтой, анагаах ухаан өндөр хөгжсөн Япон, БНСУ, БНКУ болон Унгар, ХБНГУ, АНУ, Тайвань улсуудад суралцаж төгссөн Монгол Улсын НАССалбарын өнөөгийн төрхийг өнгөлсөн, бодлого шийдвэрийг тодорхойлсон нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид байдаг билээ. Манай сургууль нь нийт 7 чиглэлээр 1000 гаруй оюутанг суралцуулах хүчин чадалтай, дэлхийн жишигт нийцсэн сургалт аргазүйг эрхэм болгож, гадаад харилцаа холбоог бэхжүүлсэн хүчирхэг хамт олон юм.
Энгүй их тэмүүлэлээрээ манай сургуулийг зорин ирэх
Эрхэм залуучууд та бүхэнд бидний хаалга үргэлж нээлттэй байж
Амьдралын алтан шар замынхаа нэгэн хуудсаа эхлүүлэхэд нь
Хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь бид бүхэн чин сэтгэлээсээ дэмжиж, хэзээд бэлэн байх болно.
НАСС-ийн захирал,АУ-ны доктор, зөвлөх эмч Б. Батбаяр
Бүтэц
Эрхэм зорилго
Хүн амд нотолгоонд суурилсан нүүр амны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлж, сургалт-эрдэм шинжилгээ- эмнэл зүйн үйл ажиллагааны нэгдлийг ханган, суралцагсдын эмнэл зүйн сургалтын суралцах орчин болон эмчилгээ үйлчилгээ явуулах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Түүх
1961 оны 8-р сарын 16-ны өдрийн СНЗ-ийн 461-р тогтоол, ЭХЯамны сайдын 253-р тушаалаар МУИС-ийн анагаах ухааны факультетад шинээр шүдний эмчийн гурван жилийн сургалттай анги байгуулан 18 аймгаас 30 бага эмч элсүүлж Улсын их сургуулийн Анагаах ухааны факультетын дэд эрдэмтэн Цэнд эрхлэгчтэй чих хамар хоолойн тэнхимд харьяалуулан мэргэжлийн хичээл заах багшаар монголын анхны 5 шүдний эмчийн нэг болох Ч.Цэрэндуламыг ажиллуулснаар нүүр ам судлалын шинжлэх ухаан хөгжих анхны суурь тавигдсан юм. Тэнхимийн эрхлэгчдээр АУ-ны доктор Д.Сэлээ, АУ-ны доктор профессор Ц.Норовпил, АУ-ны доктор, дэд профессор Х.Цолмон нар ажиллаж байв. АУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэнгийн 1995 оны 11-р сарын 28-ны А/61 тушаалаар Нүүр ам судлалын тэнхим нь Нүүр Ам Судлалын Төв болж өргөжин Нүүр амны эмчилгээ, Нүүр амны мэс засал, Нүүр амны согог гажиг заслын гэсэн 3-н тэнхимтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нүүр Ам Судлалын Төвийн захирлаар АУ-ны доктор профессор Н.Пүрэвжав, Нүүр Ам Судлалы Сургуулийн захирлаар АУ-ны доктор, профессор Б.Оюунбат, АУ-ны доктор, профессор Б.Амарсайхан, АУ-ны доктор, дэд профессор Г.Ариунтуул, АУ-ны доктор, дэд профессор Ж.Отгонболд нар ажиллаж байв. Өдгөө Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хичээлийн 3-р байр Нүүр ам судлалын сургууль нь 2011 оны 9 сараас Чингэлтэй дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. АШУҮИС-ийн НАСС нь их сургуулийн эмнэлгийн загварыг монгол улсад анхдагчаар нэвтрүүлсэн сургууль бөгөөд улсдаа томоохонд тооцогдох шүд эрүү нүүрний өвчин эмгэгийг оношлох эмчлэх эмнэлзүй, сургалтын бааз эмнэлэг юм. НАСС-ийн нийт багш эмч нарын 46,6 % нь Анагаах ухааны докторын зэрэгтэй бөгөөд Япон, Солонгос, Куба, Унгар, Герман, Тайвань, АНУ зэрэг улсуудад судалгаа шинжилгээ нарийн мэргэжлийн чиглэлээр суралцсан, Монгол улсдаа нүүр ам судлалын салбарынхаа бодлогыг тодорхойлогч, нийгэмлэг холбоодын тэргүүлэгчид нарийн мэргэжлийн тусламж, эмчилгээ үйлчилгээг тасралтгүй үзүүлдэг. Мөн НАСС-ийн эрдмийн зэрэг цолтой эмч, багш нар нь Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төв, Улсын 1-р төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэг зэрэг улсын томоохон клиник эмнэлгүүдэд зөвлөх эмчээр ажилладаг.
Хөтөлбөрүүд
Шүдний их эмч 2+4 жил /бакалавр/
Нүүр амны техникч 3 жил /диплом/
Нүүр амны эрүүл ахуйч 3 жил /диплом/
Шүдний эмчийн туслах / мэргэжлийн сургалт/ тус тус суралцаж шүдний их эмч, нүүр амны техникч, нүүр амны эрүүл ахуйч, шүдний эмчийн туслах зэрэг мэргэжил эзэмшиж төгсдөг.
Багш нарын тоо – 29
Профессор | Дэд профессор | АУ-ны доктор | АУ-ны магистр |
3 | 2 | 8 | 17 |
Ажилчдын тоо – 39
Эмч | Сувилагч | Техникч | Хангамж үйлчилгээний мэргэжилтэн | Нярав | Сургалт хариуцсан арга зүйч | Хичээлийн туслах | Дүн бүртгэгч | Чанарын менежер |
9 | 5 | 1 | 1 | 1 | 2 | 1 | 3 |
Монгол улс, Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, нуурын 2-21
И-мэйл: dentistry@mnums.edu.mn
Холбоо барих:
75753201 /Шүд эрүү нүүрний эмнэлэг/
75553206 /НАСС-ийн захирлын өрөө/