Лицей сургууль

  Бидний тухай

 

     АУИС-ийн физик, мэдээлэл зүйн тэнхимийн багш, дэд профессор Ж.Гомбожавын санаачилгаар 2003 онд Нийслэлийн ЕБ-ийн 21 дүгээр сургууль дээр Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах анги гэсэн нэртэйгээр анх сургалтын үйл ажиллагааг 9-р ангийн 2 бүлэгтэйгээр эхэлж байсан.

    2015 онд БСШУЯ-ны сайдын А/206 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 6361188 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль болон өргөжиж, 2021-2022 оны хичээлийн жилд 297 сурагчид, 25 багш, ажилчидтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас хойш 18 жил тасралтгүй сургалтын үйл ажиллагаа явуулж 17 удаагийн 1734 сурагчид төгссөнөөс 1570-н төгсөгч Анагаахын чиглэлийн их дээд сургуульд элссэн 1305 төгсөгч АШУҮИС-д элсэн одоогоор 60 орчим хувь нь төгсөж, 40 орчим хувь нь суралцаж байна. Анхны захирлаар 2003-2007 онд ФУ-ны доктор, дэд проф Н.Мөнхцэцэг, 2007-2011 онд ХУ-ны доктор, профессор Н.Даваасүрэн, 2011-2014 онд АУ-ны магистр Ч.Баасандорж, 2014-2020 онд АУ-ны доктор Г.Дарамбазар, 2020 оноос АУ-ны доктор, дэд профессор Ц.Түвшинжаргал удирдан ажиллаж байна.

 

Сургалтын үйл ажиллагаа

 

Алсын хараа: Олон улсын стандартад нийцсэн шилдэг төгсөгч, манлайлагч сургууль байх

 

Эрхэм зорилго Боловсролын стандартын шаардлагыг хангасан, чанартай сургалтыг их, дээд сургуулийн багш нартай хамтран явуулж, оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, хүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан суралцах, ажиллах, амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

 

Сургалтын онцлог давуу тал

Байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулж стандартаас давсан агуулгаар хичээл заадаг.

Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа ЕБС-Их дээд сургуулийн залгамж холбоонд нь уялдуулж агуулгыг томосгон, дадлага практиктай хослуулан хэрэгжүүлж ирсэн.

Сургалтыг суралцагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан тусгай хөтөлбөр төлөвлөгөөгөөр явуулдаг.

Хими, биологийн хичээлийн жишиг лабораторийн өрөөг тохижуулж хичээл сургалтаа явуулдаг

АШУҮИС-ийн БАС-иас хими, биологи, математик, физик, англи хэл хичээлүүдээр нэмэлт агуулгын хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн мэргэжлийн багш нар хичээл заадаг

 Орчин үеийн шаардлагад нийцсэн техник хэрэгслээр бүрэн хангагдсан.

 

 

Сургуулийн номын сан нь ЕБС-ийн багш, ажилтан, сурагчдад үйлчилдэг бөгөөд анагаах ухааны салбарын мэдлэг мэдээллийг цуглуулах, хадгалах, түгээн дэлгэрүүлэх, багш нарын мэргэжлийн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээ, түүх, нэвтэрхий толь, лавлах толь болон хүүхэд, залуучуудад зориулсан орчуулгын ном, зохиолууд зэрэг 500 материалаар сан хөмрөгөө баяжуулсан байна.  

 

Элсэлт

     АШҮУИС ЕБС-ийн онцлог нь анагаахын чиглэлээр их дээд сургуульд, тэр дундаа АШУҮИС-д элсэн суралцах хүсэлтэй сурагчдыг элсүүлэн байгалийн ухааны хичээлийг түлхүү судалж, ирээдүйн сайн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болоход нь бэлтгэдэг. Ахлах сургуулийн үйл ажиллагаа олон нийтэд танигдаж, элсэн суралцахыг хүсэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Жил бүрийн 6-р сард 10-р ангидаа элсэлт авдаг.

Холбоо барих

Сүхбаатар дүүрэг 8-р хороо Ж.Батмөнхийн гудамж

АШУҮИС ЛИЦЕЙ

Email:lycee@mnums.edu.mn 

Утас: 7505 6565

facebook page: АШУҮИС Лицей