mnen
mnen

Нүүр ам судлалын төв эмнэлэг

Захирлын мэндчилгээ

                Эрхэм Таны энэ ѳдрийн амар амгаланг эрье

Бид Танд Монгол Улсын ууган нх сургуулиудын нэг АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Тѳв Эмнэлгийн зорилго, үйл ажиллагаагаа энэхүү цахим хуудсаараа дамжуулан танилцуулж байна.Нүүр Ам Судлалын Тѳв Эмнэлэг нь 2000 онд тухайн үеийн АУИС-ийн захирлын тушаалаар сургалтын суурь баазыг улам ѳргѳжүүлэх зорилгоор их сургуулийн дэргэдэх анхны бие даасан үйл ажиллагаатай байгуулагдсан билээ. Үүний дүнд бид дэлхий нийттэй хѳл нийлүүлэн алхаж, орчин үеийн стандартад нийцсэн орчин, нѳхцлийг бий болгосноор резидент эмч, оюутнуудын суралцах идэвхи, мэдлэг чадварыг дэмжсэн чухал алхам болсон тѳдийгүй үндэсний боловсон хүчнийг бэлтгэх үсрэнгүй үр дүнг цогцлоосон юм.

Түүнчлэн хүн амын дунд зонхилон тохиолдох шүд, эрүү нүүр орчмын ѳвчин эмгэг, согог гажгийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний асуудлыг цогцоор нь чанартай шийдээд зогсохгүй сургалт-эрдэм шинжилгээ-эмнэл зүйн үйл ажиллагааны нэгдлийг хангасан чухал ажлуудыг амжилттай хослуулан ажиллаж байна. Тѳв эмнэлгийн оношилгоо эмчилгээг зѳвлѳх зэргийн нарийн мэргэшсэн эмч, профессоруудын баг хамт олон хариуцаж, чанартай үйлчилгээг үзүүлдэг билээ. Эдгээр эмч, профессоруудын удирдлага дор резидент эмч, оюутнуудыг дадлагажуулан, мэргэжлийн ёс зүйтэй, эмнэлгийн ѳндѳр чадавхи бүхий хариуцлагатай, хүнлэг, харилцаа хандлагыг эрхэм болгосон боловсон хүчинг тѳгсгѳж байгаа тѳдийгүй тѳгсѳгчид маань ч Монгол орны ѳнцѳг булан бүрт ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлсэн сайн эмч нар болж байгааг дуулгахад таатай байна.

Дэлхий дахин даяарчлагдаж, хүний нийгэм хурдацтай хѳгжихийн хирээр бид эрүүл мэндийн олон тулгамдсан сорилтуудтай нүүр тулж байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бид дэлхийн анагаах ухааны чиг хандлагаас тасралтгүй суралцаж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд ѳндѳр хариуцлага тавин, ѳргѳсѳн тангарагтаа үнэнч байж, хичээн ажиллацгааж байгаа билээ. Иргэн та ч ирээдүй хойчийнхоо тѳлѳѳ эрүүл мэнддээ анхаарч, үр хүүхэд, гэр бүлийнхээ сайн сайхны тѳлѳѳ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, чанартай амьдралыг бүтээнэ гэдэгт итгэйтэй байна.

Нүүр Ам Судлалын Тѳв эмнэлгийн цахим хуудсаар тавтай морилно уу?

Иргэн бүр эрүүл байх болтугай!

НАСТЭ-ийн захирал,

 АУ-ны доктор, дэд профессор Б.Батбаяр

 

Түүхэн замнал

   

1997 оны 09 сарын 19-ны өдөр Финлянд Улсын Засгийн Газар, Финляндын Олон улсын тусламжийн ЛКА байгууллага, Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуулийн хамтарсан “Амны хөндийн эрүүл мэнд” төсөл хэрэгжиж, 2000 онд дууссанаар төслийн хүрээнд байгуулагдсан Шүдний иж бүрэн клиникийг АУИС-ийн Нүүр ам судлалын сургуульд хүлээлгэн өгч, тухайн үед “Төгсөлтийн Дараах Сургалтын Төв” нэртэйгээр эмнэлгийн үйл ажиллагааг нүүр амны өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр ажиллуулж эхэлсэн нь НАСТЭ-ийн эх суурь болон тавигдсан билээ.

2007 оноос эмнэлгийн үйл ажиллагаа өргөжин нүүр амны эмчилгээ, нүүр амны согог, гажиг засал, шүдний имплант, гоо сайхны мэс засал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нүүр амны тусламж, төрөлхийн уруул тагнайн согогтой хүүхдийн хэл яриа засал, нүүр амны дүрс оношилгооны чиглэлээр эмчилгээ үйлчилгээ явуулж эхэлсэн.

2008 онд НАСС-ын эмнэлэг нь ЭМШУИС-ийн захирлын 2008 оны 1 сарын 22 өдрийн А/06 “Эрхэс” зөвлөх поликлиникт харьяалагдсан ба “Эрхэс” шүдний клиник нэртэйгээр 11 эмч, 2 сувилагч, 1 дүн бүртгэгчийн орон тоотой ажиллаж байв.

“Эрхэс” шүдний клиник нь 2011 оны 11 сард ЭМШУИС-ийн НАСС-ийн “Шүд Эрүү Нүүрний Эмнэлэг” болон өргөжиж 40 үзлэгийн суудал, нүүр амны дүрс оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 5 тасаг (Нүүр амны эмчилгээний тасаг, Нүүр амны мэс заслын тасаг, Нүүр амны согог гажиг заслын тасаг, Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тасаг, Шүдний, Нүүр амны дүрс оношилгооны хэсэг, ариутгалын хэсэг) 1 кабинет, 34 эмч ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр нүүр ам судлалын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний үйл ажиллагааг дараах бүрэлдэхүүнтэйгээр явуулж байсан. 2007 онд “Шүдний Имплантын төв”, 2008 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусламж үзүүлэх” кабинет, 2007 онд Уруул тагнайн төрөлхийн согогтой хүүхдийн хэл, яриа заслын кабинет, 2011.09 сард Сонсгол Хэл, яриа заслын кабинет тус тус байгуулагдан эмч нарийн мэргэжлийн  эмч нар тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

2017 онд 32 үзлэгийн машинтай, 40-50 хүнд нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай, 1650 мкв бүхий зургаан давхар НАСЭмнэлэгийн байрыг байгуулан ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

АШУҮИС-ийн захирлын 2021 оны 10 сарын 04 өдрийн А206 тоот тушаалаар НАСС-ийн эмнэлгийг их сургуулийн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт руу шилжүүлж, бие даалган Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг байгуулагдсан.

НАСТЭ-д нийт 70 эмч, сувилагч, ажилтны бүрэлдэхүүнтэйгээр нүүр амны эмчилгээ, нүүр амны согог засал, нүүр амны мэс засал, нүүр амны гажиг засал, хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэх, дүрс оношилгоо, нүүр амны технологийн чиглэлүүдээр эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.

Эрхэм зорилго:

Хүн амд нотолгоонд суурилсан нүүр амны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлж, сургалт-эрдэм шинжилгээ-эмнэл зүйн үйл ажиллагааны нэгдлийг ханган, суралцагсдын эмнэл зүйн сургалтын суралцах орчин болон эмчилгээ үйлчилгээ явуулах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Алсын хараа

Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн, оношилгоо, эмчилгээ, сургалт, судлагаагаар манлайлагч үндэсний тэргүүлэх Их сургуулийн эмнэлэг байх

Үнэт зүйл

  • Эмнэлэг, түүний харъяа албад, тасгуудын эрхэмлэх зүйл бол:
  • Тус байгууллагад ажиллаж буй нийт ажилтан, ахмад үе, тэдний бүтээсэн хамгийн зөв шийдэл бүхий эмчилгээ, үйлчилгээ
  • НАСТЭ-ийн хамт олны сэтгэлд хүрсэн эвсэг найрсаг харилцаа
  •  Ажилтан бүрийн идэвх чармайлт, итгэл, нэр хүнд, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх хүндэтгэл
  • Өөрийгөө хөгжүүлэх чадвар, бие биеэ тусалж дэмжих, энэ бүхнээр бахархах бахархал мөн.
  • Ажилтан бүр НАСТЭ-ийн эрхэмлэх үнэт зүйлсээр бахархаж, тэрхүү үнэт зүйлсийг бүтээлцэж буй өөрөөрөө, хамт олон байгууллагаараа, эзэмшсэн мэргэжлээрээ, эрхэлж буй ажлаараа бахархаж, байгууллага, хамт олныхоо нэр хүндийг өргөж явах нь ажилтан бүрийн хүндтэй үүрэг байна.
  • Ажилтнууд нэгдмэл нэг үзэл санаатай байж, нэгдсэн удирдлага дор, бие биедээ тусалж дэмжин, НАСТЭ-ийн эрхэм зорилтод хүрэх арга замыг хамтдаа бий болгоход ажилтан бүрийн үүрэг, хариуцлага, эрмэлзэл чиглэгдэнэ.
  • Ажилтан бүр гүйцэтгэж буй ажилдаа идэвх чармайлт гарган ажиллаж, амжилтаа ахиулах, хамт олныг тэргүүлэгч байх эрмэлзэлтэй, орчиндоо идэвхтэй байж, өөрийгөө хөгжүүлэх чадвартай байна.
  • Эмнэлгийн үнэт зүйлсийг хүндэтгэж, хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж, эмчилгээ үйлчилгээний чанарыг дээдлэх, үйлчлүүлэгчид хүндэтгэлтэй, уриалгахан хандаж, соёлтой, шуурхай үйлчлэх зарчмыг баримталж, сахилга баттай, хариуцлага хүлээх чадвартай, хийсэн ажлаа тайлагнаж, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, бусадтай найрсаг харилцаа, холбоотой байх нь ажилтан бүрийн эрхэм чанар байх болно.

Бүтэц