АШУҮИС

Сувилахуйн Сургууль

Мэндчилгээ

     Эрхэм хүндэт эрдэмтэн профессорууд, судлаачид, оюутан залуус, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч буй хэн бүхнийг манай түүхт сургуулийн вебсайтад тавтай морилохыг урьж байна.

     Хөгжлийн 90 гаруй жилийн баялаг түүхтэй, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд халаагүй зогсох үе үеийн чадварлаг сувилагч, эх баригч, бага эмч болон бусад мэргэжилтнийг тасралтгүй бэлтгэж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тус сургуулийн хамт олон хуримтлуулсан мэдлэг туршлагаа хуваалцан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинжлэх ухаан технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэн, улс орны хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзлэл дүүрэн байна.

    Бидний алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, бахархал болсон эрдэмтэн багш нар, мэргэжлийн тэнхимүүдтэй та бүхэн танилцахаас гадна, Сувилахуйн сургуулийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, ялангуяа судалгааны тэргүүлэх чиглэл, чадавхи, нөөц, гадаад хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг авах болно. Түүнчлэн дээд болон дипломын дээд боловсролын хөтөлбөрүүд, багшийн хөгжил, оюутны хөгжил тэдгээрийн үйл ажиллагааны ахиц дэвшлийн талаар, мөн номын сан, архивын үйлчилгээ, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, хөгжлийн зээл, тэтгэлгийн талаарх мэдээллүүд энэхүү веб сайтад бий.

     Хүн төрөлхтөний өмнө тулгарсан даяар асуудлуудыг хамтран шийдвэрлэх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, үндэсний түвшинд “Алсын хараа 2050”, байгууллагын түвшинд “Их сургуулийн хөгжлийн бодлого 2030” зэрэг тулгуур баримт бичгүүдэд тусгагдсан зорилгод хамтын хүчээ нэгтгэн, амьдрахыг хүссэн нийгэм, аз жаргалтай дэлхийг бүтээх ирээдүйн чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх, тэдэнд хувьсан өөрчлөгддөг амьдралд  “хуучирдаггүй” чадваруудыг эзэмшүүлж, “дэлхийн” иргэнийг төлөвшүүлэхийг зорин ажиллах болно.

 

Та бүхэнд аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Сувилахуйн Сургуулийн Захирал

Анагаах Ухааны доктор, профессор

Б.Оюунгоо

 

Алсын хараа:

Олон улсын стандартад нийцсэн үндэсний хэмжээний манлайлагч сургууль байх

 

Эрхэм зорилго:

 

Хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, инновацийг хэрэгжүүлэгч сувилахуйн жишиг сургууль болох

 

Үнэт зүйлс:

 

93 жилийн түүхэн баялаг туршлага
Уламжлал шинэчлэлийг хослуулах бодлого
Академик эрх чөлөө, ил тод, шударга байдал
Цогц, тэгш хүртээмжтэй багийн ажиллагаа
Шинэ санаа, шинэлэг технологи нэвтрүүлэгч багш
Салбарыг манлайлах чадварлаг төгсөгчид

     Сувилахуйн сургууль нь 1929 онд Ардын Засгийн газрын шийдвэрийн дагуу анхны сувилагчийн курс нэрээр Эрүүл мэндийн салбарын ууган сургууль болж байгуулагдсан. 1974 онд Сальвадор Альендегийн нэрэмжит сургууль, 1985 онд сувилагчийн дунд сургууль, 1997 онд Анагаах Ухааны Их сургуулийн харьяа Анагаах ухааны коллеж, 2003-2011 он хүртэл Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн бүрэлдэхүүн Сувилахуйн сургууль, 2011 онд Эрүүл мэндийн технологийн сургууль, 2013 оноос АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль болон өргөжиж хөгжсөн 92 жилийн түүхтэй сургууль юм. Ази Номхон Далайн Баруун эргийн бүсийн Батламжлал магадлалын комиссын (APACC) шийдвэрээр 2012 оны 12 сарын 20-ны өдөр Байгууллагын магадлан итгэмжлэл хийгдсэн цорын ганц анагаахын боловсрол олгодог сургууль бөгөөд 2016 оны 9-р сарын 8-нд Олон улсын ISO 9001:2015 Чанарын Удирдлагын Тогтолцооны тогтолцоог Монгол Улсын боловсролын салбарт анх удаа хэрэгжүүлж, стандартын дагуу сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, чанарын бодлого, уриаг тодорхойлсон байдаг. 

     Сувилахуйн сургууль нь төгсөлтийн өмнөх сургалтаар Сувилагч /бакалавр, шаталсан бакалавр/ 4 жил, 1 жил, Сувилагч /диплом/ 3 жил, Эх баригч /бакалавр, шаталсан бакалавр/ 4 жил, 1 жил, Хөдөлгөөн засалч 4 жил, Хөдөлмөр засалч 4 жилийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн төгсөлтийн сургалтаар 9 чиглэлээр магистрын 1,5-2 жил, докторын 3 жилийн хөтөлбөр, төгсөлтийн дараах сургалтаар төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг тус тус зохион байгуулдаг. 

    Манай сургуулийг нийт 11,000 гаруй оюутан төгссөн бөгөөд одоогийн байдлаар 1,348 оюутан суралцаж байна. Нийт төгсөгчдийн 90-ээс дээш хувь нь эхний  6 сарын дотор ажлын байраар бүрэн хангагддаг. Суралцах хугацаанд оюутныг дэмжих болон хөгжүүлэх хөтөлбөр, дугуйлан клуб, зээл тусламжид хамрагдах боломжтой.

    Засгийн Газрын тогтоолын хүрээнд Сувилахуйн чиглэлээр суралцаж байгаа нийт оюутны 90 гаруй хувь нь буцалтгүй тусламжинд хамрагддаг бөгөөд оюутны хөгжлийн зээл, бусад тэтгэлгүүдэд нийт суралцагчид хамрагдах боломжтой байдаг.  

     Тус сургууль нь Суурь сувилахуйн тэнхим, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим, Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим, Эх барих, эх хүүхдийн сувилахуйн тэнхим, Бие бялдар судлалын тэнхим, Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим, Ерөнхий эрдмийн тэнхим гэсэн нийт 7 тэнхимтэй, 80 гаруй эрдэмтэн багш, ажилтны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.