АШУҮИС

Анагаах Ухааны Сургууль

Эрхэм зорилго:

 

    Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээг бүрэн хангах, хүнлэг, энэрэнгүй, ёс суртахууны эрхэм нандин чанартай хүний их эмч бэлтгэхэд оршино.

Үнэт зүйл:

    Сургалт, судалгаа, эмнэлзүй хосолсон 70 гаруй жилийн туршлага
Сургалтын орчин үеийн нэгдмэл хөтөлбөр
Оюуны өндөр чадавхтай эрдэмлэг хүний нөөц
Эрдэм судлалын эрх чөлөө
Академик байгууллагын бие даасан байдал
Шударга ёс, ардчилсан зарчим
Эрүүл мэндийн салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн төгсөгчид

     Анагаах Ухааны сургууль нь анх 1942 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет болж байгуулагдсан. Улмаар 1961 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 431 тоот тогтоолоор Анагаах Ухааны Дээд Сургууль, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 154 тоот тогтоолоор Анагаах Ухааны Их Сургууль, 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 149 тоот тушаалаар Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль нэртэй болж, бүрэлдэхүүн 7 сургууль байгуулагдсаны нэг нь Анагаах Ухааны Сургууль билээ. 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль нь Уламжлалт анагаахын сургуультай нэгдэн Анагаах Ухааны Сургууль болж Анагаах ухааны салбар, Уламжлалт анагаах ухааны институти гэсэн салбаруудтай болж, 2016 оноос Анагаах Ухааны Сургууль болж эрдэм шинжилгээ болон сургалтын үйл ажиллагааг тасралтгүй 78 жил явуулж байна. 

     Анагаах Ухааны сургуульд Хүний их эмчээр 6 жил, Дүрс оношилгооны техникчээр 3 жил, Эмнэлэгийн тоног төхөөрөмж, угсралт, ашиглалт техникч электроникчоор  3 жил, Лабораторийн техникчээр 3 жил тус тус суралцаж, хүний их эмч, дүрс оношилгооны техникч, Эмнэлэгийн тоног төхөөрөмж, угсралт, ашиглалт техникч электроникч, лабораторийн техникч зэрэг мэргэжил эзэмшиж төгсдөг.

     Анагаах Ухааны сургуульд нийт 2,011 оюутан одоогийн байдлаар суралцаж байна.

     Тус сургууль нь Арьс судлалын тэнхим, Бөөр судлалын тэнхим, Гэмтэл, согог судлалын тэнхим, Дотоод шүүрэл судлалын тэнхим, Зүрх судлалын тэнхим, Мэдрэл судлалын тэнхим, Мэс заслын тэнхим, Нүд судлалын тэнхим, Өрхийн анагаах ухааны тэнхим, Радиологийн тэнхим, Ревматологийн тэнхим, Сэргээн засах анагаах ухааны тэнхим, Сэтгэц судлалын тэнхим, Уушги, харшил судлалын тэнхим, Хавдар судлалын тэнхим, Халдварт өвчин судлалын тэнхим, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим, Хүүхдийн анагаахын тэнхим, Чих хамар хоолой судлалын тэнхим, Цус судлалын тэнхим, Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхим, Эмнэлзүйн лабораторийн тэнхим, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим зэрэг нийт 23 тэнхимийн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

     Мөн тус сургууль нь нийт 132 багш, ажилтантай бөгөөд үүнээс 2 Академич, 9 Профессор, 22 Дэд профессор, 66 АУ-ны доктор, 73 Магистр, 2 Гадаадын зочин профессорийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.