АШУҮИС

Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

   Монгол улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, ажилчид, сургуулийн удирдлагууд, төгсөгчид, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын хамт олондоо “Дарханы Анагаах” хэмээн ард түмэндээ танигдсан сургуулиа төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа таатай байна.

   АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургууль нь 1969 онд Сувилагчийн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсанаас хойш 50 жилийн түүхийг бүтээж, 10.000 гаруй эмнэлгийн  мэргэжилтэн бэлтгэсэн байна. Бид чанарын менежментийн олон улсын стандарт ISO 9001-2015 хэрэгжүүлсэнээр илүү үр дүнтэй ажиллах, хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх, байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх, байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тасралтгүй дээшлүүлэхэд чиглэн ажиллаж байна.

   Мөн нийгэмд чиглэсэн үйлчилгээг үзүүлэх үүднээс их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх, төсөлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, чансаа өндөртэй сэтгүүлд багш нарын бүтээлийг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд олон улсын байгаль орчны стандарт ISO 14001-2015 нэвтрүүлсэнээр эко сургалтын орчныг бүрдүүлэх, оюутан залуучууддаа байгальд ээлтэй хандлагыг тогтооход голлож байна.

   Үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг АШУҮИС нь хөгжлийн бодлогодоо (2015-2024) Ази, номхон далайн баруун бүсийн анагаахын шилдэг 100 сургуулийн нэг болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургууль нь дэлхийн жишигт нийцсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, чанартай боловсрол олгоход улмаар

      Мэдлэгт тулгуурласан чанартай боловсрол

      Чадамжид суурилсан сургалтын тогтолцоо

      Нээлттэй сургууль болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

 

Эрдэм номын цагаан буян дэлгэрэх болтугай

Захирал Б.Баясгаланмөнх (M.D., Ph.D)

Эрхэм зорилго:

Олон улсын стандартад нийцсэн, чанартай боловсрол, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг нээлттэй их сургууль байхад оршино.

Чанарын бодлого

Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах замаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн инновацид суурилсан боловсрол, эрүүл мэндийн үйл ажиллагааг байгальд ээлтэй орчинд чанартай хүргэнэ.

Алсын хараа

Дэлхийн жишигт нийцсэн чадварлаг мэргэжилтэнг бид бэлтгэнэ.

     Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль нь 1969 онд 2 багш, 50 оюутантай Сувилагчийн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр анх байгуулагдсан. Хөгжлийн 6 үеийг дамжин 2014 оноос АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль болсон. Нийт 52 жилийн түүхтэй сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулж байна.

     Сургуулийн дэргэд клиникийн “Сайхан сэтгэл” эмнэлэг, Зулзагын голд “Дарханы Анагаах” нэртэй 50 ортой амралтын газар мөн ажилладаг.

     БМИҮЗ-ийн Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлээр 3 дахь удаагаа амжилттай үнэлэгдсэн. (2001, 2007, 2018)

     Чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 стандарт, Байгаль орчны менежментийн тотолцооны олон улсын  ISO 14001:2015 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг.

     Улсын тэргүүний дотуур байраар 2015, 2018 онд 2 удаа шалгарсан болно.

     Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургууль нь бакалавр болон дипломын ангид Анагаахын болон Эрүүл мэндийн суурь боловсрол олгох 2+3, 2+4 жил, Шаталсан эм зүйч 3+3 жил, Сувилахуй 4 жил, Эх барихуй 4 жил, Монгол анагаахын уламжлалт засалч 4 жил, Хөдөлгөөн засалч 4 жил, Эм найруулагч 3 жил, Лабораторийн техникч 3 жил, Сувилагч 3 жил, Уламжлалт анагаахын сувилагч 3 жил тус тус суралцаж Хүний их эмч, Сувилагч, Монгол анагаахын уламжлалт засалч, Эм зүйч, Эх баригч, Эм найруулагч, Лабораторийн техникч, Уламжлалт анагаахын сувилагч зэрэг мэргэжил эзэмшиж төгсдөг.

     Одоогоор тус сургуульд нийт 1,000 оюутан суралцаж байгаа бөгөөд сүүлийн 3 жилийн төгсөгчдийн мөшгих судалгаагаар ажил эрхлэлт 78-85 хувьтай байна.

     Тус сургууль нь Суурь шинжлэх ухааны тэнхим, Эм зүй, био-анагаахын тэнхим, НЭМ, уламжлалт анагаахын тэнхим, Сувилахуйн тэнхим, Эмнэлзүйн тэнхимтэй бөгөөд нийт 98 багш, ажилтан, ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

      Амжилттай суралцсан оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэгийг жил бүр 55-60 оюутанд, нэрт сурган хүмүүжүүлэгч, гэгээн Боскогийн нэрэмжит тэтгэлэгт 5-10 оюутан, Нийгмийн халамжид чиглэсэн дотуур байрны тэтгэлэг 3-5 оюутанд олгодог байна.

Эрдэм шинжилгээний ерөнхий үзүүлэлт /хуримтлагдсан байдлаар 2020 онд/ :

Докторын зэрэгтэй багшийн эзлэх хувь – 20.4 хувь

IF бүхий сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл – 3 удаа

Скопус платформд бүртгэлтэй сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл – 6 удаа

Шинэ бүтээлийн патент – 2

Ашигтай загварын гэрчилгээ – 4

Зохиогчийн эрхийн гэрчилгээ – 7

Монгол улсын стандарт (MNS) – 1

Технологийн заавар – 5

Холбоо барих

Дархан-Уул аймаг дахь салбар АУС

Монгол улс, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 30 дугаар хороолол, Жаргалантын 1 дүгээр гудамж 130. Шуудангийн хайрцаг: Төв шуудан 903

Имэйл: darkhanuul@mnums.edu.mn
Утас: +976-7037 7734
Веб: www.mnums-da.edu.mn