Анагаах Ухааны сургууль

Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим

Танилцуулга

       АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Яаралтай Тусламжийн Тэнхим нь 2015 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 5 багшийн бүрэлдхүүнтэйгээр өөрийн сургалт, судалгаа, эмнэлзүйн үйл ажиллагааг явуулж байна.

     Орчин үеийн Анагаах Ухаан, Эмнэлгийн үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь цочмог өвчин эмгэг, гэнэтийн осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээ хэлбэрээр хөгжиж байна. Харьцангуй сүүлд хөгжиж эхэлсэн боловч судалгаа, шинжилгээ өргөн хийгдэж, олон тооны шинэ менежмент, технологийг нэвтрүүлэн ажиллаж буй энэхүү салбарт бид олон улстай хөл нийлүүлэн алхаж, Монгол улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, анагаах ухааны боловсролд өөрсдийн тэргүүлэх байр суурийг үргэлж хадгалан манлайлан хөгжүүлэх үүрэгтэйгээр оролцдог юм.

    Тус тэнхим нь амь тэнссэн анагаах ухааны чиглэлээр төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулан өөрийн салбарын мэргэжилтнүүдээ бэлтгэх, хөгжүүлэхийн зэрэгцээ, эмнэлзүйн салбарт өөрсдийн хүч болоцоог үргэлж дайчлан тэргүүлэх мэргэжилтнүүд нь болон манлайлан ажиллаж, салбарынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг удирдан чиглүүлж, шинэ технолог, инновацийг нэвтрүүлэх түүчээ нь байхыг эрмэлзэнэ.

 

Тэнхимийн түүх

Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхимийн түүх нь тус их сургуулийн мэс заслын тэнхимийн түүхтэй салшгүй холбоотой.

 – МУИС-ийн ректорын тушаалаар Ерөнхий Мэс Заслын Тэнхим 1944 оны 8-р сарын  1 өдөр анх

байгуулагдаж эрхлэгчээр АУ-ны доктор профессор Н.Ф.Березкин ажиллаж байжээ.

-1944 – 1953 оны хооронд ЗХУ-аас зөвлөх багшаар уригдан ирсэн П.В.Рыжов, В.Н.Топольский, Карамеров зэрэг олон эрдэмтэн профессорууд ажиллаж байжээ.

– 1953-1960 оны хооронд үндэсний багш нараас анхны тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн хожмоо академич болсон Т.Шагдарсүрэн ажиллаж байсан.

– 1961 онд Анагаах Ухааны Дээд Сургууль байгуулагдаж, ерөнхий ба тодорхой мэс заслын тэнхим бий болж эрхлэгчээр нь АУ-ны доктор Т.Шагдарсүрэн, В.Ичинхорлоо ажиллаж байв.

– 1967-1994 оны хооронд Ерөнхий болон мэс заслын арга барилын тэнхимийн эрхлэгчээр Проф. П.Долгор ажиллаж байв.

– 1995 оноос мэс заслын I тэнхимийн эрхлэгчээр Б.Гоошийг томилж, мэс заслын II тэнхимийн эрхлэгчээр Ч.Пунцаг нар нь ажиллаж байв.

– 2002 оноос мэс заслын I тэнхим болон II тэнхим нэгдэж эрхлэгчээр нь АШУ-ын Доктор, дэд профессор О.Сэргэлэн ажиллаж байлаа.

– Мэс заслын тэнхимийн бүрэлдэхүүнд Ардын эмч Г.Лхагважав, эмч Н.Одсүрэн, Л.Ганболд нар эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн хичээл зааж сургалт, судалгааны нэг бүрэлдэхүүн хэсэг болсоор иржээ.

– Ардын эмч Г. Лхагважав эмнэлзүйн ажлын зэрэгцээ оюутан сурагчид, сувилагч, мэдээгүйжүүлгийн мэргэжлийн эмч сургах ажилд идэвхийлэн оролцож олон зуун шавь нарыг сурган хүмүүжүүлж, олон арван ном орчуулж, эмхэтгэн гаргах замаар тухайн салбарын хүний нөөцийг бэлтгэх ажилд жинтэй хувь нэмрээ оруулжээ. Г. Лхагважав нь элэг цөсний замын мэс заслын эмчилгээг амжилттай хөгжүүлсэн багийн үйл ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсан тул 1990 онд мэс заслын тэнхимийн багш Проф. П.Долгор, Б.Гоош, Н.Даваацэрэн, Г.Нямхүү А.Отгондалай нартай хамт Монгол Улсын Төрийн шагнал хүртжээ.  

– 2015 онд мэс заслын тэнхимээс Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхим бие даасан тэнхим болон салбарлаж эрхлэгчээр нь АУ-ны доктор, Проф. Л.Ганболдыг томилжээ.

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

     Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим байгуулагдсанаасаа хойш цөөхөн жилийн дотор хэд хэдэн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулж, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж цаашид бэхжүүлэн ажиллах зорилт тавин ажиллаж байна.

     2015 онд Австралийн Яаралтай тусламжийн коллеж болон АШУҮИС-ийн (Яаралтай тусламж, Мэдээгүйжүүлгийн тэнхим) хооронд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг баталсан байна.  Энэ гэрээний хүрээнд дээрх коллежийн эмч мэргэжилтнүүд Монгол Улсад ирж Сум болон Сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарт “Хөдөөгийн эмнэлгийн нэн яаралтай тусламж” сургалтыг орон нутагт нь очиж зохион байгуулж ирлээ. Хөдөөгийн эмнэлгийн нэн яаралтай тусламж сургалтыг одоогоор 10 аймгийн 160 гаруй сумын эмч нарт зааж сургаад байна.  

     2016 онд Австралийн Мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дүнд Австрали улсын мэдээгүйжүүлэгч эмч нар жил бүр Монголд ирж хамтарсан семинар хурал зохион байгуулж байна. Энэ хуралд Улаанбаатар хотын төрөлжсөн тусламжийн эмч мэргэжилтнүүдээс гадна хөдөөгийн эмнэлэгт ажиллаж байгаа мэдээгүйжүүлэгч эмч нарыг урьж оролцуулж байна. 

     Гонконгийн Хятадын Их Сургуулийн Амь тэнссэн үеийн анагаах ухаан судлалын тэнхим (тасагтай) хамтран ажиллаж хөдөө аймгуудын болон Улаанбаатар хотын нэгдсэн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний эмч нарт “Эрчимтэй анагаахуйн үндэс” сэдэвт сургалтыг зохион байгуулж тухайн их сургуулийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн хичээлийн үндсэн сурах бичиг болох “Эрчимтэй эмчлэхүйн үндэс” сурах бичгийг орчуулан өөрийн сургуулийн оюутнуудын хичээлийн үндсэн сурах бичиг болгон ашиглаж байна.

 

Бүрэлдэхүүн:

Л.Ганболд-Тэнхимийн эрхлэгч

Ө.Билгүүн-Ахлах багш

Н.Наранпүрэв-Ахлах багш

О.Соёмбо-Багш

С.Бурмаа-Багш

С.Алтанчимэг

Холбоо барих

Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл: Л.Ганболд ganbold@mnumus.edu.mn
Ө.Билгүүн bilguun@mnumus.edu.mn
О.Соёмбо soyombo@mnumus.edu.mn
С.Бурмаа burmaa.s@mnumus.edu.mn
М.Наранпүрэв naranpurev@mnums.edu.mn
С.Алтанчимэг altanchimeg@mnums.edu.mn

 АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн