Анагаах Ухааны сургууль

Арьс судлалын тэнхим

Танилцуулга

   АШУҮИС, Анагаах Ухааны Сургуулийн Арьс судлалын тэнхим нь арьс судлалын мэргэжлийн болон мэргэшсэн тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай эмч бэлтгэж, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүйн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна.

Түүх

   МУИС-ийн хүн эмнэлгийн факультетыг 1947 онд үндэсний анхны их эмч нар төгссөнөөс хойш 70 гаруй хан жилийн түүхэнд манай улсын эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах анагаах ухааны боловсролын бүхэл бүтэн тогтолцоо бий болсон юм. Хөгжлийн энэ ахархан хугацаанд факультетаас Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль (АШУҮИС) болтол өргөжиж, сургалтын материаллаг бааз, багш, профессорын бүрэлдэхүүн байнга өсөн нэмэгдэж, Монгол орны эрүүл мэндийн салбарын сургалт, судалгааны үндсэн төв, эрдмийн дундаршгүй эх уурхай болсон билээ.

   Монгол улсын их сургууль 1942 оны 10 сарын 5-ны өдөр 3 салбартай байгуулагдсаны нэг нь хүн эмнэлгийн салбар байв.

   Арьс өнгөний өвчин судлалын тэнхим 1950 оны 4 сарын 26-нд МУИС-ийн захирлын 16 тоот тушаалаар байгуулагдсан нь тус салбарын цаашдын хөгжил, эмч болохоор суралцаж буй оюутан болон арьс өнгөний нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, арьс өнгөний өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламжийг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх үндэс суурь нь болсон юм. Арьс өнгөний өвчин судлалын анхны тэнхимийн эрхлэгчээр Зөвлөлтийн мэргэжилтэн, доцент Борис Алексеевич Зенин ажиллажээ.

   Хүн эмнэлгийн салбарын оюутнуудад 1945–1946 оны хичээлийн жилээс арьс өнгөний өвчин судлалын хичээлийг арьс өнгөний тасгийн эрхлэгч А.М.Соболев зааж байжээ. А.М.Соболев арьс өнгөний өвчний хичээл зааж байсан төдийгүй сурах бичиг бичиж, профессор Т.Шагдарсүрэн, Ч.Долгор нар монгол хэл дээр хөрвүүлэн гаргажээ.

   МУ-ын Ардын эмч, Гавъяат эмч, профессор Ч.Долгор 1958 онд тус тэнхимийн эрхлэгчээр ажиллах болж манай үндэсний мэргэжилтэн тэнхимийг удирдсан түүхтэй.

   1958 онд Карп Артемович Серпян тус тэнхимд зөвлөх багшаар /1 жил/ ажиллахдаа профессор Ц.Нямдоржийг багшлах ажилд дагалдуулан сургасан байна. Ийнхүү тус тэнхимд манай үндэсний хоёр эмч – багш, лаборант нар ажиллах болжээ.

    1964 оноос дэд эрдэмтэн С.Лхүндэв, клиникийн профессор тэргүүлэх зэргийн эмч Т.Ядамсүрэн, 1966 оноос ахлах зэргийн эмч В.Пунцаг, Г.Энхтүвшин нар оюутны болон эмч нарын мэргэжил олгох, дээшлүүлэх дамжаанд хичээл заах цагийн багшаар олон жил ажилласан байна.

   Тус тэнхим АУИС-ийн оюутнуудад арьс өнгөний өвчний хичээл заахын зэрэгцээ арьс өнгөний мэрэгжлийн эмч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтыг явуулж ирсэн түүхтэй.

   Арьс өнгөний эмч нарын мэргэжил дээшлүүлэх анхны курсийг 1974 онд хийж эхэлсэн бөгөөд  өнөөдөр 130 – аад эмч  мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцан мэдлэг, чадвар, хандлагаа сайжруулжээ.

   АУ-ны боловсрол олгох болон давтан сургах үйл ажиллагааг бүх шатанд өөрчлөн шинэчлэх үйл ажиллагаа 1995-1996 оноос эхлэн манай оронд нийгмийн хэрэгцээ шаардлагын улмаас хэрэгжиж эхэлсэн  байна. Үүнтэй уялдан мэргэшүүлэх сургалт нь 1-2 жилийн хугацаатай резидентурын сургалт болсон байна.

   Магистрантур, докторантурын сургалтад 1992 оноос эхлэн элсэлт авч олон олон эмч нарыг  амжилттай төгсгөж  байна.

   1950 оноос хойш тэнхимийн хүндэт зочиноор ЗХУ-ын АУ-ны академийн сурвалжлагч гишүүн, профессор В.А.Рахманов, академийн сурвалжлагч гишүүн, профессор П.В.Кожевников, анагаах ухааны доктор , профессор М.А.Розентул, Т.В.Васильев, БНАГУ-ын Дрезден хотын арьсны клиникийн захирал, доктор, профессор Клайн Натроп, доктор Гудрун Кафка, В.А.Харитонов /1987/, Н.П.Кузнецова /1994,1999/, Michael Binder /2010/, Min Geol Lee /2016/ зэрэг эрдэмтэд манай оронд айлчлан ирж, оюутан, эмч нарт лекц уншиж, хичээл заахын зэрэгцээ, өвчтөн үзэж, зөвлөгөө өгч байжээ.  

Судалгаа

1959 оноос хойш арьс өнгөний практикт зайлшгүй судлах шаардлагатай томоохон судалгааны ажлуудыг хийж эхлүүлсэн. Одоо тус тэнхимийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын тэргүүлэх чиглэл нь: Арьсны архаг өвчин (псориаз, атопийн дерматит г.м), Арьсны хавдар зэрэг өвчний орчин үеийн оношлогоо эмчилгээний асуудлыг судалгааны тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна.

 

Бүрэлдэхүүн

   Одоо тус тэнхим 4 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор Я.Энхтөр, АУ-ны доктор, профессор Б.Хандсүрэн, багш АУ-ны магистр Б.Оюунцацрал, АУ-ны магистр С.Ундрам нар ажиллаж байна. 

Хамтын ажиллагаа

БНСУ-ын Ионсей Их Сургуулийн Анагаах Ухааны Коллежийн Арьс Судлалын тэнхимтэй 2012 онд хамтран ажиллах гэрээ байгуулснаар урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм.

Тайвань улсын Тайпей Анагаах Ухааны Их Сургуулийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, Технологийн Коллежтэй хамтран ажиллах гэрээг 2011 онд байгуулан одоог хүртэл хамтран ажиллаж байна.

Австри, Венийн Их Сургууль, Арьс судлалын тэнхим

ОХУ, Эрхүү Хотын Анагаах Ухааны Их Сургууль, Арьс өнгөний тэнхим

Япон, Шиманэ Их Сургууль, Арьс судлалын тэнхим

Хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөлт ажлууд:

  • . Smartphone Tele-Dermatology Service, “Ухаалаг утасны тусламжтайгаар арьс судлалын тусламжыг зайнаас үзүүлэх нь” төслийг Туул ротари клубийн дэмжлэгтэйгээр 2015-2016 онуудад хэрэгжүүлсэн.
  • Dermatopathology training 2014-2017, Sapporo dermatopathology school, Japan.
  • “Хайрст үлд өвчний үед ажиглагддаг сэртэнт болон Т эсүүдийн хоорондын холбоо хамаарлыг судлах” Монгол-Солонгосын хамтарсан төсөл.
  • “Арьсны атопийн үрэвслийн үеийн эмнэл зүй-дархлаа судлалын цэгнүүр үзүүлэлт”. төсөл
  • “Recruitment of IL-23 producing precursor cells into psoriatic skin lesion may be a critical contributor of the IL-23/IL-17A axis in psoriasis”.
  • “Computer--supported teledermatology linking selected rural areas in Mongolia with specialized centers in Ulaanbaatar, Mongolia” Joint Austria-Mongolian project 2009-2013
  • “Detection of IL-6 cytokine in patients serum and lesions, with active psoriasis and correlation with Disease Severity” the research project supported by YONSEI RESEARCH GRANT IN 2011.
  • “Атопийн үрэвсэлтэй хүүхдүүдэд филлагрин уургийн хэмжээ тодорхойлж, генийн генотип, фенотипийг харьцуулан судлах, тохирсон сонгомол эмчилгээ, түүний үр дүнг тооцох” БСШУСЯ ШУТсан.Захиалгат төсөл.
  • “Мөөгөнцөрийн үүсгэгчийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, оношлогооны шинэ дэвшилтэт аргуудыг ялган дүйх” БСШУСЯ ШУТсан. Суурь судалгааны төсөл.

Холбоо барих

Арьс судлалын тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл: enkhtur@mnums.edu.mn

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль