Монгол судлалын их хуралд АШУҮИС-ийн эрдэмтэд амжилттай оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдэвт Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурал 2023 оны 08-р сарын 9-14 өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Тус хуралд дэлхийн 57 орны 500 гаруй судлаачид түүх, эх хэл бичиг, соёл урлаг, угсаатан зүй, философи, шашин, уламжлалт анагаах ухаан гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд оролцсон.  Их хурлын 5-р салбарын хуралдаан нь “Монголчуудын соёл: уламжлал ба шинэчлэл” сэдвийн дор явагдсан бөгөөд АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирал, профессор Д.Цэнд-Аюуш, Академич Ш.Болд, МАУТЭ-ийн захирал Ч.Батнайрамдал, тэнхимийн эрхлэгч С.Доржбат, Г.Мөнхзул нар Уламжлалт анагаах ухааны бичгийн өв соёл, анагаан илаарьшуулах ухаан нь монголчуудын өв соёл болох тухай, анагаахын ёгт утгатай далд үгсийн тайлал, монгол болон япон бариа заслын харьцуулсан судалгаа зэргээр илтгэл хэлэлцүүллээ. Энэ удаагийн хуралд нэмэлт судлагдахуунаар уламжлалт анагаах ухааны салбар оролцсон нь онцлог байсан бөгөөд их хурлаас гарсан зөвлөмжид цаашид уламжлалт анагаах ухааны  салбарыг тусдаа бие даалган өргөжүүлэх талаар тусгагдсан. Дэлхийн Монгол судлалын “олимп” хэмээн тооцогддог энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд Монгол анагаах ухааныг таниулан түгээн дэлгэрүүлсэн явдал нь цаашид Монгол Улсын болон дэлхийн соёлын өвд Монгол анагаах ухааныг бүртгүүлэн хамгаалах үйлсэд түлхэц болох чухал үйл явдал боллоо