МОНГОЛ УЛСАД ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН 

ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ 

 

Их сургуулийн эмнэлэг нь төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг амбулатори, хэвтэн эмчлүүлэх хэлбэрээр үзүүлэх, сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий судалгаанд тулгуурласан шинэ технологи нэвтрүүлэх, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллах чиг үүрэг бүхий, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ,  сургалт судалгааны цогцолбор байгууллага юм. 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар, Төв эмнэлэг, Монгол-Япон эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлэг түүний салбар АШУҮИС-Дент гэсэн 5 эмнэлэг, Эмнэлзүйн молекул оношилгооны төв, Эрхэс болон Баянчандмань сувилалтайгаар их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэн, хөгжүүлэхээр тасралтгүй ажиллаж байна. 

Их сургуулийн эмнэлгийн хамт олон 2022 оны эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр 7227 хүн хэвтэн эмчлүүлж, амбулаториор 126870 үйлчлүүлэгч үйлчлүүлж, 7925 үйлчлүүлэгч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, 2644 хүнд эрт илрүүлгийн шинжилгээ хийсэн нь улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн 12%, амбулаторийн үзлэгийн 7.2%-ийг эзэлсэн бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ачааллыг хуваалцах тоо жил жилээр өсөн нэмэгдэж байна. 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн төв эмнэлэгт нярайн скрининг оношилгооны төв байгуулагдаж 4-5 төрлийн эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх бүрэн боломжтой боллоо. Тус эмнэлэгт байгуулагдсан Диабетын төв нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор Монгол-Япон эмнэлгийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн харьяанд бүрэн шилжүүлсэн. Монгол-Японы эмнэлэг нь ISO9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлсэн. Үений дурангийн хагалгаа, бүх төрлийн хавдрын мэс засал, сэргээн засах анагаах ухааны төв, эпилепсийн төв, ревматологийн төв, цусны гемофиллийн төв, Японы менежментийг тусгасан үйлчлүүлэгчийг дэмжих алба ажиллаж байна. 

Нүүр ам судлалын төв эмнэлэг нь амны салстын эмгэгийн эмчилгээ, имплантын төв,  нүүр амны согог, гажиг заслын эмчилгээ, мэсгүй гоо сайхны эмчилгээ, ортогнатик мэс заслын амжилттай хийж байна.  

Монгол анагаах ухааны төв эмнэлэг нь уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, эм, заслын аргаар ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, уламжлалт эмчилгээний үр дүнг тооцох шинжлэх ухааны олон талт хамтарсан судалгааны ажлууд хийгдэж, клиникийн практикт үр дүнгээ өгч байна.

2023 оны байдлаар их сургуулийн эмнэлгүүдэд профессор багш нар 186 /27%/, эмч 85 /13%/, сувилагч 153 /22%/, эмнэлгийн мэргэжилтэн 56 /8%/, захиргаанд 58 /9%/, дэмжих үйлчилгээнд 143 /21%/ албан хаагчид ажиллаж, үндсэн мэргэжлийн 1018 эмч, төрөлжсөн мэргэшлийн 451 эмч резидент, төрөлжөн мэргэшлээр суралцаж байна.   

Үйлчлүүлэгч болон эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн эрсдэлгүй ажиллах орчин нөхцөл бүрдсэн бөгөөд үйлчилгээндээ Япон менежментийг хэрэгжүүлсэн, үр дүнд суурилсан клиникийн сургалтын аргуудтай, үйлчлүүлэгч төвтэй, шинжлэх ухааны мэдлэг, нотолгоонд тулгуурласан үр дүнтэй эмчилгээний удирдамжуудыг хэрэгжүүлдэг, ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулдаг. 

Их сургуулийн эмнэлгийн санхүүгийн менежмент нь стратегийн худалдан авалт ба эмнэлгийн хагас бие даасан байдлыг хангах нэг худалдан авагчтай буюу гүйцэтгэлийн санхүүжилт, өөрийн орлогоор санхүүждэг тогтолцоог хослуулан хэрэглэж байна.

 

 

ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД
ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ТЕХНОЛОГИ ИННОВАЦИ
ИХ СУРГУУЛИЙН ЭМЭЛГҮҮДИЙН НИЙГЭМД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН ТОГТОЛЦООНЫ СИМПОЗИУМ 
ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА