Захиргаа > Эм зүйн сургууль

Эм зүйн сургууль

Эм зүйн сургууль

Мэндчилгээ

 

     Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эм зүйн сургуулийн үндэс суурь нь анх 1961 онд тухайн үеийн Анагаах Ухааны дээд сургуульд нэг багш, 1 туслах ажилтан,  52 оюутантай эмийн технологийн тэнхим нэртэйгээр Монгол улсад үндэсний эм зүйн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэж  эхэлснээр  тавигдсан билээ.

   1975 оноос эхлэн Эм зүйн тэнхим нэртэйгээр ажиллаж ирсэн ба 2003 оны 1-р сарын 7-ны ЭМШУИС–ийн захирлын тушаалаар 3 тэнхим, 19 багш, хичээлийн 2 туслах ажилтантайгаар  Эм зүйн сургууль болон өргөжин зохион байгуулагдсан юм. Одоо Эм зүйн сургууль нь Эмийн хими, ургамал судлал, Эмийн технологи, Эм зүйн удирдлага менежмент, Эмнэлзүйн эм зүй, Эм найруулагчийн гэсэн 5 тэнхим, 25 багштайгаар ажиллаж байгаагаас докторын зэрэгтэй багш 52%, магистрын зэрэгтэй багш 48%-ийг эзэлж байна. Эм зүйн сургуулийн түүхэн хөгжлийн явцад тус сургуулиас Монгол улсын гавъяат багш, эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, 9 профессор, 16  дэд профессор, 2 шинжлэх ухааны доктор, 40 гаруй эм зүйн ухааны доктор, 80 гаруй магистр төрөн гарсан байна.

     Эм зүйн сургууль нь 3.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй бөгөөд сүүлийн 4 жилд үндсэн хөрөнгийн 93% нь шинэчлэгдсэн. Мэдээллийн технологийн үйлчилгээ, сургуулийн web хуудас, интернетийн танхим, компьютер, е-хэлбэрийн мэргэжлийн ном, бүрэн тоноглогдсон лекцийн танхим, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сургалт, туршилтын эмийн үйлдвэр, эмийн итгэмжлэгдсэн лаборатори зэрэг багш, оюутнуудад сурч, ажиллахад таатай орчин бүрдсэн болно. Өнгөрсөн 50 гаруй  жилийн түүхэнд ЭЗС нийт 45 удаагийн төгсөлтөөр 1500 гаруй эм зүйчдийг Монгол улсын эм хангамжийн салбарт бэлтгэн гаргасан.

     АШУҮИС-ийн ЭЗС нь эм зүйч мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, эм зүйн шинжлэх ухааны ололт амжилтыг практикт нэвтрүүлэх эрхэм үйлст бодитой хувь нэмэр оруулан, дотоодын болон гадаадын түнш байгууллага, сургуулиуд, төгсөгчидтэй  хамтран ажиллахдаа баяртай байх болно.

 

Эм зүйн сургуулийн захирал

Д. Даваадагва(PhD),дэд профессор

 

Сургуулийн алсын хараа

Эрдэм шинжилгээ, сургалт,  эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг манлайлагч сургууль байна. 

Сургуулийн эрхэм зорилго

АШУҮИС-ийг Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн анагаахын шилдэг 100 их сургууль болоход хувь нэмрээ оруулах

Шинжлэх ухаан, технологийг эрчимтэй хөгжүүлж судалгаанд суурилсан сургууль болон өргөжиж өндөр ёс зүй, мэдлэг, мэргэжлийн ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргахад зорилго нь оршино.

 

Эмзүйн сургуулийн түүхэн замнал

 

 

 

Эмзүйн сургуулийн бүтэц

 

 

 

Сургуулийн профессорын баг, тэнхимүүд

Эм зүйн сургууль нь 5 тэнхим 25 багш, 600 гаруй оюутантай үйл ажиллагаа явуулж байна.

100% эрдмийн зэрэг цолтой багш нартай.

Эм зүйн шинжлэх ухааны онолыг дадлагатай хослуулан суралцсанаар өндөр мэдлэг, чадвар, хандлагатай эм зүйч мэргэжилтнүүд бэлтгэгдэн гардаг

 Төгсөгчид нь орчин үеийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, өрсөлдөх чадвартай.

Төгсөлтийн дараа ажлын байраар бүрэн хангагддаг.

 

 

Сургалт

       Эм зүйн сургуулийн эрдэмтэн багш судлаачид эм судлал болон анагаах ухааны бусад салбарын эрдэмтэдтэй хамтран Монгол оронд ургадаг эм, эмчилгээний ач холбогдол бүхий Монгол алтан хундага, Хунчир, Хүн хорс, Ортууз, Дэгд, Бэриш, Төлөгч өвч, Банздоо, Толгодын бударгана, Чихэр өвс, Алтан гагнуур, Хаврага, Цахилдаг зэрэг олон зүйл ургамлын фитохими, фармакологийн судалгааг явуулж 200-аад биологийн идэвхт бодисыг дан байдлаар ургамлаас гарган авч бүтэц байгууламжийг тогтоосны дотор 60 гаруй шинэ бодисыг нээн илрүүлж байгалийн нэгдлийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулснаас гадна байгалийн гаралтай 60 гаруй шинэ эм бүтээж практикт нэвтрүүлсэн болно.

         Эмийн зах зээл, маркетингийн чиглэлээр Монгол улсын хүн амын дунд түгээмэл тохиолдох уушигны үрэвсэл, артерийн даралт ихсэлт, ходоод гэдэсний архаг үрэвсэл, шархлаа, вирүст гепатит, чихрийн шижин, арьсны эмгэг зэрэг өвчнүүдийн эмчилгээний үндсэн эмүүдийн хэрэглээг эмчилгээний стандарт, орчин үеийн эмийн эмчилгээтэй харьцуулан судалсны үндсэн дээр эмийн эмчилгээний хувилбар, сонголтыг оновчтой хийх замаар эмийн зохистой хэрэглээг бүрдүүлэх, эмийн эргэлтийг тооцсоноор ханган нийлүүлэлт, хувиарлалт, түгээлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулахад чиглэсэн судалгааны ажлууд хийж, эрдэмтдийн бүтээсэн, туурвисан олон арван судалгааны ажлын үр дүнг эм зүйн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэхээр манай хамт олон зорилго  нэгдэн ажиллаж байна.

      Эм зүйн сургууль нь эм зүйн бакалаврын боловсролыг 5, эм найруулагчийн дипломын боловсролыг 3 жилээр  тус тус бэлтгэдэг. Мөн  эм зүйн чиглэлээр төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтуудыг зохион байгуулж байна.

 

Гадаад харилцаа

       Гадаад хамтын ажиллагааны хүрээнд 11 орны 15 сургууль (Австрийн Венийн Их Сургууль, Германы Боннын Их Сургууль, Малайзын Сайнсийн Их Сургуулийн Эм зүйн сургууль, ОХУ-ын Москвагийн И.М. Сеченовын нэрэмжит Анагаахын академи, Эрхүүгийн АУИС, Өмнөд Солонгосын Инха Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль, ӨМӨЗО (Өвөр Монголын Өөртөө Засах Орон)-ы Үндэстний Их Сургууль, Сингапурын Үндэсний Их Сургуулийн Эм зүйн тэнхим, Тайландын Махидолын Их Сургууль, Украйны Харьковын Эм зүйн академи, Хятадын Эм Зүйн Их Сургууль, Япон улсын Фукояамагийн Эм зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эм зүйн тэнхим, Токушимагийн Сургууль, Шигагийн Анагаах Ухааны Их Сургууль, Хоккойдогийн Китами Үндэсний Их Сургуулийн Технологийн Сургуультай хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагаандаа харилцан итгэлцэл, нөхөрсөг түншлэлийн зарчмыг мөрдөж ажилладаг юм.

 

Хэрэгжүүлж буй төсөл:

- Ургамлын эм-Эрүүл Монголчуудад 2010-2012 он

- Эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэн гарах эдийн засгийн хохирол 2012 он

- Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, 2012, ЭМЯ

- Эмийн зохисгүй хэрэглээ ба эдийн засгийн үр дагавар, 2012, ДЭМБ

- Эмийг зах зээлд гаргасны дараах аюулгүй байдлын судалгаа, 2012, ЭМЯ

- Саливин шинэ эм гаргах инновацийн төсөл 2012-2015 он

- Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгслийн тогтвортой хангамж, 2009-2013, НҮБ, ХАС

- Монгол улс дахь жирэмслэхээс хамгаалах орчин үеийн эм, хэрэгсэл, эх барихын ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай амин чухал эмийн хүртээмж төслийн гишүүн. 2013, ДЭМБ

- Монгол орны угсаатны эмийн ургамлын  судалгаа 2010-2014

- GMP-ийн сургалтыг боловсронгуй болгох нь 2014-2015

- Эмийн аюулгүй байдлын дэглэмийг сайжруулах. ЭМСХХ- 4 төсөл, 2012-2015, АХБ

- Айрагнаас эмийн бэлдмэл гарган авах 2015-2016

- Эмэнд бичил биетний тэсвэржилт үүсэх ба антибиотикийн зохистой хэрэглээ,интерактив сургалт, 2016, ДЭМБ

- Эрүүл мэндийн салбарын ил тод байдал, эм зүйн салбарт сайн засаглалыг хөгжүүлэх нь, 2005-2017, ДЭМБ

- Улсын эмнэлгүүдийн боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, зохицуулалтын үйл ажиллагааг бэхжүүлэх, 2016-2018, АХБ

- Монгол улсын  эмийн үнийн судалгаа, 2017, АХБ

- Монгол улс дахь хуурамч, стандартын бус эмийн тархалтын судалгаа, 2017, АХБ

- Эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнийн бүтцийн судалгаа 2017 он

- Фармаковижиланс, интерактив сургалт  2017, ДЭМБ

- Нянгийн тэсвэржилтийг III шатлалын зарим эмнэлгүүдэд бууруулах хөтөлбөр, 2016-2017, ДЭМБ

- Улсын эмнэлгүүдийн боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, зохицуулалтын үйл ажиллагааг бэхжүүлэх, 2016-2018, АХБ