mn
mn
АШУҮИС

Эм Зүйн Сургууль

  Мэндчилгээ

 

     Монгол улсад эм зүйч мэргэжилтэнг 1961 оноос бэлтгэж ирсэн ууган сургууль болох АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн хамт олон эрхэм танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

  Эм зүйн сургууль үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эм зүйн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаагаар шинийг эрэлхийлэгч, манлайлагч байж, мэдлэг, чадвар, хандлага, ёс зүйтэй мэргэжилтэнг бэлтгэн улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаар хичээн ажиллаж байна.

   Дэлхий дахинд эм зүйн тусламж үйлчилгээний чиг хандлага өөрчлөгдөж, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээнд шилжсэнтэй холбоотойгоор манай сургууль Монгол улсад эм зүйч, эм найруулагч бэлтгэх хөтөлбөрт томоохон өөрчлөлтийг анх удаа хийсний үр дүнд бидний хэрэгжүүлж буй эм зүйч, эм найруулагч мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр олон улсын түвшинд хүрсэн хөтөлбөр болж чадсан юм.

    Манай төгсөгчид эх орныхоо өнцөг булан бүрт үр бүтээлтэй ажиллаж, Монгол улсын эм зүйн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад жинтэй хувь нэмэр оруулж, эм зүйн тусламжийг хүргэх их үйлсэд манлайлж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

    Эм зүйн сургуулийн түүхийг бүтээлцэж, хөгжлийг түүчээлж ирсэн болон үргэлжлүүлэн буй үе үеийн эрдэмтэн багш, профессор, ажилтан, ажиллагсад, төгсөгчид, оюутан та бүхэн бидний үнэт зүйл, бахархал билээ.

 

Эрдмийн цагаан буян дэлгэрч, номын хур арвин байх болтугай!

 

Эрхэм зорилго

Мэдлэг, чадвар, ёс зүйгээр манлайлагч эмийн мэргэжилтнийг хөгжүүлэх

 

Алсын хараа

         Эм зүйн сургалт, эрдэм шинжилгээ,  тусламж үйлчилгээгээр олон улсын түвшинд танигдсан эрдмийн сургууль болно.

 

 

Үнэт зүйлс 

Уламжлал-хөгжил

Манлайлагч

Ёс зүй

Мэргэжлийн ур чадвар

Шинийг эрэлхийлэгч

 

     БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1961 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 431 дүгээр тогтоолоор МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийг бие даасан Анагаах ухааны дээд сургууль (АУДэС) болгон зохион байгуулахад эм зүйн салбарыг анх шинээр нээснээс хойш энэ жил 60 жилийн ойтойгоо золгож байна. АУДэС-ийн захирлын 1961 оны 09 дүгээр сарын 13-ны 20 дугаар тушаалаар Эмийн технологийн тэнхим байгуулагдан Монгол улсад үндэсний эм зүйч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Эм зүйн сургуулийн тулгын чулуу тавигдсан түүхэн үйл явдал болсон юм. Түүхэн хөгжлийнхөө явцад хэд хэдэн удаагийн бүтцийн өөрчлөлтөд орсноос 1975 онд АУДэС-ийн Эм зүйн тэнхим, 2003 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль (ЭМШУИС)-ийн Эм зүйн сургууль, 2014 онд АШУҮИС-ийн Эм зүй, Биоанагаахын сургууль, 2017 онд АШУҮИС-ийн Эм зүйн сургууль болон өргөжсөн байдаг.

   Анх байгуулагдахдаа 1 багш 52 оюутантай байсан бол өнөөдөр Эм зүйн сургууль нь Эмийн технологийн тэнхим, Эмийн хими, ургамал судлалын тэнхим, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим, Эм найруулагчийн тэнхим гэсэн мэргэжлийн 4 тэнхимтэй, 37 багш, ажилтантай, төгсөлтийн өмнөх сургалтын 482 оюутантай ажиллаж байна. Нийт багшийн 50%-с дээш хувь нь докторын зэргээс дээш зэрэгтэй, 25% нь дэд профессороос дээш цолтой байна.

    Эм зүйн сургууль нь Монгол улсад эм зүйч, эм найруулагч мэргэжилтэн бэлтгэж ирсэн төрийн өмчит анхны ууган сургууль бөгөөд 1966 онд анхны 33 эм зүйчийг төгсгөсөн бол 2020 оны байдлаар нийт 1799 эм зүйч, 2678 эм найруулагчийг бэлтгээд байгаа ба манай төгсөгчид 100% ажлын байраар хангагдан эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, эмнэлэг, эрдэм шинжилгээний байгууллага, эмийн зохицуулалтын байгууллагад ажиллаж байна.

    Эм зүйч бэлтгэх хөтөлбөрийг 1961 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийт 9 удаа шинэчилсэнээс Эм зүйн тусламж, эм зүйн боловсролын олон улсын чиг хандлагад нийцүүлэн эм зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлыг 2004 оноос Монгол улсад анх удаа эхлүүлж эмчлүүлэгч төвтэй тусламжид чиглэсэн хөтөлбөрийг 2008 онд батлуулан амжилттай хэрэгжүүлж байна. Эм зүйн сургууль одоогоор эм зүйн 2+3, 3+3 хөтөлбөр, эм найруулагчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургалтын үйл ажиллагааг Эм зүйн сургуулийн хичээлийн байр, сургалтын лабораториос гадна АШУҮИС-ийн дэргэдэх “Эрдэм фарм” эмийн үйлдвэр, эмийн сан, эм шинжилгээний лаборатори, Монгол Японы сургалтын эмнэлэг дээр явуулж байна.

   Төгсөлтийн сургалтаар эм зүйн ухааны магистр, доктор зэрэг олгох сургалтыг явуулж байгаагаас гадна төгсөлтийн дараах сургалтаар эмнэлзүйн эм зүйч, эм зүйн албаны менежер, эм шинжлэгч, эмийн технологич, уламжлалтын эм зүйч гэсэн 5 чиглэлээр мэргэжил олгож байна. Мөн тасралтгүй сургалтыг тогтмол явуулж байна.

 

Холбоо барих

Эм зүйн сургууль

14210 Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6-р хороо Ард Аюушын гудамж ШХ-48/111, Эм зүйн сургуулийн хичээлийн байр

И-мэйл: pharmacy@mnums.edu.mn
Утас: +976 70180021